
Ардчилсан намынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд 21 аймагт “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг өрнүүлж иргэдийнхээ санаа бодлыг сонссон бол одоо сум, багуудад өртөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын єдрүүдэд Булган аймгийн Ардчилсан намынхан Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Тэшиг сумдад “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг зохион байгуулж сум, багт амьдарч байгаа малчин түмнийхээ тулгамдсан асуудлыг сонсож, шийдэх гарцын талаар хамтдаа ярилцлаа. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд сумын төвд нийтийн ахуйн үйлчилгээ, тэр дундаа халуун ус, үсчин, оёдолчин, гутал засварын газар дутагдалтай байгааг сум бүрт хэлж байсан. Харин малчдын хувьд банкны зээлийн хүүг бууруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэхгүй бол өдгөө цагийн уламжлалт мал аж ахуй хүндхэн байдалд ороод байгаад сэтгэл эмзэглэж явдагаа илэрхийлсэн юм. Мөн бэлчээр нутаг ил задгай хог хаягдал гялгар уут, цагаан шуудай, архи, пивоны шил, малын сэг зэмэнд дарагдаж байгаа нь хэвийн үзэгдэл болсон тухай хөндлөө. Түүнчлэн сумын төвд архичдын тоо хэрээс хэтэрч байгааг хүн бүр шүүмжилсэн юм. Төр засгаас хөдөөгийн ард түмний амьдрал орчинд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, иргэдийг ажлын байртай болгочихвол өөр гуйгаад байх зүйлгүй гэцгээж байсан. Ямартай ч Ардчилсан намаас боловсруулах “Монгол хүн 2020” хөтөлбөр ард түмний амьдралаас урган гарч сум, багийн иргэдийн дуу хоолойг сонсч буй тул амьдралд биелэлээ олон хэрэгжинэ гэдэгт итгэж байна хэмээн булганчууд онцоллоо.
Г.Дарь