Оросын Эрчим хүчний яам энэ сараас эхэлж Балтийн эргийн Приморск боомтоор гаргадаг дизель түлшний экспортын хэмжээгээ өмнөх саруудынхтай харьцуулахад 80 орчим хувиар багасгах төлөвтэй байна. Энэ тухай уг хэсэгт дамжуулах хоолойн оператораар ажилладаг компани “Транснефтьпродукт”-ын мэргэжилтэн өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байна. Тус компанийн мэргэжилтний тайлбарлаж буйгаар, салбарын яам дотоодын зах зээлд, ялангуяа Москва орчимд нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлж энэхүү алхмыг хийжээ.
Гэвч үнэн хэрэгтээ өнгөрсөн есдүгээр сараас Приморск боомт руу нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээг Орос хэдийнэ танаад эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сард уг хэсэг рүү хоолойгоор дамжуулан 249700 тонн дизель нийлүүлсэн нь өмнөх наймдугаар сард 511400 тонныг нийлүүлж байсантай харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм. Харин аравдугаар сард уг үзүүлэлт улам багасч, 170 мянган тонн дизель түлш нийлүүлжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж буйгаар, Европт үүсээд буй дизель түлшний хомсдлыг шийдвэрлэж чадах цорын ганц найдвараар Орос тодорч байгаа юм. Гэсэн ч асуудал эсрэгээрээ эргэх хандлагатай боллоо. 2010 онд Европын холбоо Оросоос өдөрт 1.1 сая баррель дизель импортолж байсан бөгөөд 2015 онд уг хэмжээ 1.4 сая баррель/өдөр-т хүрэхээр байгаа ажээ.
Орос улс 2010 онд Приморскоор дамжуулан Европ руу нийтдээ 21.7 сая тонн дизель нийлүүлсэн бол энэ онд уг хэмжээ 20.9 сая тонн болж багасах төлөвтэй байна.
Ийнхүү Орос улсад дизелийн хомсдол үүсч болзошгүй байгаагаас үүдэн, тус улс зарим хэсэгт дизелийн экспортыг танаж эхлээд байна.
Б.Төгс