Цэвэр усны хангамж сайжирсан

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Цэвэр усны хангамж сайжирсан

Баянхонгор аймгийн Баянхонгор сум нь есөн багтай. Хүн ам олонтой, тэдгээрийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг “Угалз” дөрөвдүгээр багийн Засаг дарга Д.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

-Танай багийн хувьд гэр хорооллын өрх олонтой юм байна. Хүн амаа шаардлагад нийцсэн ундны усаар хангахад хэр анхаарч байна вэ?

-“Угалз” дөрөвдүгээр баг нь гэр хороолын 11 гудамж, 680 хашаа бий. Нийт 3878 хүн амтай. Гэхдээ манай багийн нутаг дэвсгэрт соёл боловсрол, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, зочид буудал, ресторан, төр захиргааны ордон, тагнуулын төв газар, сумын ЗДТГ-ын хоёрдугаар байр гээд томоохон байгууллагууд төвлөрдөг онцлогтой. Баянхонгор сумын хүн амын зургааны нэг шахам нь амьдардаг ч гэж болно. Багийн бүх өрхийн 70 гаруй хувь буюу 861 айл гэр хороололд амьдардаг учраас стандартын шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах, хүртээмжтэй байлгах нь үнэхээр тулгамдсан асуудал байдаг. Энэ дагуу хашаандаа худагтай өрхийн судалгаа хийхэд 120 худагтай өрх байна гэж гарсан. Энэ онд Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөлтэй хамтран ундны усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар гудамжны зам талын хойд хэсэгт нэг  усан сан  барьсан. Түүнээс гадна тойргоос сонгогдсон төлөөлөгчийн дэмжлэг, орон нутгийн хөрөнгөөр хоёр усан сан шинээр нэмэгдлээ.

-Тохижилтын хувьд ямар ажил хийсэн бэ? Энэ онд багтааж хийсэн ажлын талаар танилцуулахгүй юу?

-Баянхонгор аймгийн 70 жилийн ойг угтаж гудамжны гэрэлтүүлгийг урьд оных дээрээ 100 ширхэг гэрэлтүүлэг нэмж тавьсан нь одоогийн байдлаар 270-аад эгэртүүлэг ажиллаж байна. Мөн нутаг дэвсгэртээ байгаа бүх гудамж хашаануудыг бүрэн хаягжууллаа. Өрх, айлуудтайгаа зөвшилцөж, нэгдсэн журмаар 500-аад хашаа, хаалгыг шинээр будаж, өнгө үзэмжийг сэргээсэн. Түүнчлэн нэг, зургаа, наймдугаар гудамжны иж бүрэн тохижилтод анхаарч, төвийн жишиг гудамж болгохоор зорьж байгаа.  Зарим гудамж урт үргэлжилдэгээс тухайн орчимд оршин суугчид заавал нэг захаас нөгөөг хүртэл туулах шаардлагатай болдог. Тэдэнд үйлчилгээг ойртуулах, цагийг нь хэмнэх зорилгоор дөрвөөс есдүгээр гудамжинд нарийн гудамж гаргасан. Төсөл хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгээр хүүхдийн тоглоомын талбайг ашиглалтад оруулсанаар гэр хорооллын хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин нэгээр нэмэгдлээ.

-Амьдрах орчныг цэвэр байлгаснаар халдварт өвчин гарах эрсдэл буурдаг. Тэгээд ч өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шүү дээ. Хогноос яаж “салдаг” вэ?

– Аймгийн төвийн хэмжээнд хогтой холбоотой асуудал бүх шатанд яригддаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд орчны хог хаягдалаас шалтгаалан хөрс, усны бохирдол бий болж, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн судалгаа байдаг. Анхан шатны нэгжийн хувьд багууд хог, хаягдалгүй байх тал дээр санаачлагатай ажиллах шаардлага амьдралаас ургаж байна. Аймгийн Засаг даргын “Бүх нийтийн цэвэрлэгээ” зохион байгуулах , үе шаттайгаар  хэрэгжүүлэхээр гаргасан захирамж үнэхээр нүдээ олсон шүү дээ. Үүний дагуу багийн нутаг дэвсгэр, гудамж хооронд, голын ай сав газраар дөрвөн удаагийн их цэвэрлэгээ хийлээ. Ард иргэдийн хүчээр 40-өөд тонн хог хаягдал ачиж буулгасан.

-Захирамж гарахаас өмнө хогоо санаачлагаараа цэвэрлэж болдоггүй байсан юм уу?

-Яалаа гэж дээ, орчны хог хаягдалыг цэвэрлэх ажил тодорхой түвшинд хийлгүй яахав. Стадионы зүүн тал, спорт хорооны ар тал, хоёрдугаар халуун усны урд тал, аюулгүйн тойргийн зүүн тал, зарим гудамж хооронд байсан овоолсон шороо, хайрга чулууны үлдэгдэлийг техникийн хүчээр түрж, тэгшлэх, заримыг нь ачиж, буулгах ажлыг багийн хэмжээнд хийж байсан. Гэхдээ Түйн голын ай сав дагуух багагүй хэсэг нутаг дэвсгэрт маань багтдаг. Энэ орчмыг цэвэрлэхэд хүн хүч, машин техник хүрэлцдэггүй зовлон бий. Харин энэ жил бүх нийтээрээ хөдөлж, бараг сар тутам цэвэрлэгээ хийсэн,  үр дүн ч сайн байгаа. Нөгөө олны хүч оломгүй далайн жишээ л юм даа.

-Хэдийгээр аймгийн төвийн баг ч гэлээ малтай өрх цөөнгүй юм билээ. Бэлчээрийн асуудал сөхөгддөг үү?

– 2010 оны жилийн эцэст нийт 17245 толгой мал тоологдсон. Ямаа голдуу таван хошуу мал байгаа. 130 гаруй малтай өрхийн маань 50 нь л малчин айл байдаг. Намаг, Цагаан эрэг, Угалзын нуруу, Баянзүрх, бүлээний хавиар нутагладаг. Одоогоор бэлчээрээс үүдсэн маргаан гараагүй. Харин цас их унасан үед Баянзүрхэд нутаглаж байгаа малчид зам боогдох магадлал өндөр байдаг. Тийм тохиолдолд өвс тэжээл хүргэдэг.

-Ногоо тарьдаг айл өрх нэмэгдэж байна уу?

-Ялангуяа сүүлийн гурван жил ногоо тарьдаг айл олширч байгаа. Одоогоор 180 өрх маань 32 га гаруй газарт хүнсний ногоо, чацаргана зэргийг тариалж үр шимийг нь хүртдэг. Дийлэнхи нь буюу 150 айл хашаандаа өрхийн хэрэглээний ногоо, жимсээ тарьчихдаг юм. Бусад нь Бор балгас, Бумбат, Хоолтод тариалалт хийдэг.юм. Жилд дунджаар 30 шахам тн төмс, бусад ногоо 10 тонныг хураадаг.

Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж