АНУ-ын хамгийн ашигтай компаниуд

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн ашигтай компаниуд

Дэлхийн эдийн засаг хямралаас гарч амжаагүй байхад 2009 онд хамгийн ашигтай ажилласан АНУ-ын 20 компанийг “CNN” агентлаг саяхан тодруулсан. Тэдгээр компаниудад дараах компаниуд орж байгаа бөгөөд ашиг нь дараах байдалтай байна.

Exxon Mobil                                    19.3 тэрбум ам.доллар         
Microsoft                                         14.6 тэрбум ам.доллар            
Wal-Mart Stores                               14.3 тэрбум ам.доллар            
Procter & Gamble                             13.4 тэрбум ам.доллар
International Business Machines        13.4 тэрбум ам.доллар
Goldman Sachs Group                      13.4 тэрбум ам.доллар
Merck                                              12.9 тэрбум ам.доллар
AT&T                                               12.5 тэрбум ам.доллар
Wells Fargo                                      12.3 тэрбум ам.доллар
 Johnson & Johnson                          12.3 тэрбум ам.доллар
J.P. Morgan Chase & Co.                  11.7 тэрбум ам.доллар
General Electric                                11.0 тэрбум ам.доллар
Bristol-Myers Squibb                         10.6 тэрбум ам.доллар
Chevron                                            10.5 тэрбум ам.доллар
Pfizer                                                8.6 тэрбум ам.доллар
Berkshire Hathaway                           8.1 тэрбум ам.доллар
Hewlett-Packard                                7.7 тэрбум ам.доллар
Coca-Cola                                        6.8 тэрбум ам.доллар
Google                                             6.5 тэрбум ам.доллар
Liberty Media                                    6.5 тэрбум ам.доллар

Эдгээр компаниудын заримынх нь бүтээмжийг тодруулж үзвэл дараах үзүүлэлт гарч ирнэ.

“Exxon Mobil” компани 2009 онд 310.58 тэрбум ам.долларын нийт орлоготой ажилласан ба цэвэр ашиг: 19.3 тэрбум ам.доллар. Тус компани дэлхий даяар нийт 82,000 ажилтантай. Ажилчдын бүтээмж нь адилхан байсан гэж төсөөлөн тооцоолбол тус компаний нэг ажилтны оруулсан орлого буюу нэг ажилтанд ноогдох орлого нь 3 сая 787 мянга 560 ам.доллар болж байна.

“Microsoft” компаний нийт орлого 2009 онд 53.4 тэрбум ам.доллар байсан ба цэвэр ашиг нь 14.6 тэрбум ам.доллар байсан. Тус компани нийтдээ 93,000 ажилтантай. Нэг ажилтны бүтээмж нь 573,193 ам.доллар байна.

2009 оны ашигтай ажилласан Америкийн компаниудын жагсаалтын гуравдугаарт “Wal-Mart Stores” компани орсон. “Wal Mart Stores” 404 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүнээс 14.3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан. “Wal Mart Stores” 2 сая 100 мянган ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь 192,380 ам.доллар.

“Procter & Gamble” компани 79.03 тэрбум ам.долларын нийт орлоготой ажилласнаас 13.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Тус компани 140,000 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 564,500 ам.доллар.

“International Business Machines” компани 2009 онд 95.757 тэрбум ам.долларын орлоготой, 13.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. IBM 93,000 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох бүтээмжийн орлого нь: 1,029,645 ам.доллар.

Дэлхийн санхүүгийн дуулиан дэгдээсэн хэргээр буруутгагдаад байгаа “Goldman Sachs Group” компани 2009 онд 45.173 тэрбум ам.долларын орлоготой, 13.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. 2009 оны 12 дугаар сарын байдлаар “Goldman Sachs Group” дэлхий даяар 32,500 ажилтантай байв. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 1,383,938 ам.доллар.
Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Merck” компани 2009 онд 27.4 тэрбум ам.долларын орлоготой, 12.9 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Эднийх 61,500 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 445,528 ам.доллар.

“AT&T” компани 2009 онд 123.018 тэрбум ам.долларын орлоготой, 12.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. “AT&T” компани 294,600 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 417,576 ам.доллар.

“General Electric” компани 2009 онд 157 тэрбум ам.долларын орлоготой, 11.0 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Эднийх 323,000 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 486,068 ам.доллар.

“Coca-Cola” компани 2009 онд 31.0 тэрбум ам.долларын орлоготой, 6.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. “Coca-Cola” компани 2009 оны 10 дугаар сарын байдлаар 92,400 ажилтантай байв. Нэг ажилтанд ноогдох орлого нь: 335,497 ам.доллар.

Хэдийгээр дээрх АНУ-ын хамгийн ашигтай ажилласан 20 компанид нэр нь багтаагүй ч олон хүний мэддэг “McDonald’s” компаний ашиг, орлогын байдлыг харьцуулж үзье.  2008 онд эднийх 22.6 тэрбум ам.долларын орлоготой, 4.31 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ба 400,000 ажилтантай. Нэг ажилтанд ноогдох орлого нь “ердөө” 56,500 ам.доллар болж байна.

Монгол улсыг хэрвээ компани мэтээр төсөөлүүлбэл үзүүлэлтүүд дараах байдалтай харагдах болно. Монгол Улс “компани” 2,700,000 “ажилтантай”. 2009 онд Монгол улс 4.02 тэрбум ам.долларын орлоготой ажилласан. Монголын нэг хүнд 1488 ам.доллар ноогдож байна. Энэ нь 2009 онд 310 тэрбум ам.долларын орлоготой ажилласан АНУ-ын “Exxon Mobil” компаний нэг ажилтанд 3,787,560 ам.доллар ноогдож байна гэдгээс 2,500 дахин бага бүтээмж юм.

Манай улс асар том газар нутагтай, байгалийн баялагтай, тусгаар тогтносон, өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрт гаргах эрхтэй Төв банктай, “мэргэжлийн” эдийн засагчидтай, Засгийн газартай байж чухам яагаад ийм байдалтай  байгаа нь “хачирхалтай”. Монгол засаглал, менежмент, технологи юун дээрээ анхаарах хэрэгтэй байгаа тухай нь бидний эрх ашгийг хөндсөн амин чухал асуудал. Энэ асуудлыг хөндөж хэлэлцэх нь зүйтэй ч энэ нийтлэлийн хүрээнээс халих тул дараа үргэлжлүүлэхээр үүгээр өндөрлье.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж