
“Футзалын ордон” 630 хүний суудалтай бөгөөд тоглолтын талбай, гадна, дотнох тохижолт гээд бүх зүйл нь сайхан болжээ. Манайд өмнө нь футзал буюу заалны хөлбөмбөгийн зориулалтын талбай байгаагүй. Аль нэг сургууль, албан байгууллагын зааланд тэмцээн болоход талбай хүрэлцдэггүйгээс гадна зураас, тэмдэглээгээ нь зөрдөг байсан. Басхүү сагсан бөмбөгийн шийт зэрэг нь тоглолтыг хэвийн явуулахад саад болдог байв. Тэгвэл “Футзалын ордон”-д шийт, сагсан бөмбөг, волейбол, бусад спортын зураас байхгүй, зөвхөн футзалын хэдэн тэмдэглэгээ хийгджээ. Энэ нь ордныг зөвхөн зориулалтаар нь ашиглана гэсэн үг.
Нээлтийн ажиллагааны үеэр өсвөрийн хөлбөмбөгчид үзүүлэх тоглолт хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол хүүхэд бөх барилдаж, морь унаж өсдөг. Мөн хөлбөмбөг тоглож өсөөсэй гэж хүсч байна. Ингэвэл монгол хүнийг хүмүүжүүлдэг спорт тулгын гурван чулуу шиг болох юм. Монголчууд хийморьтой золбоотой ард түмэн учраас энэхүү хийморьлог спортоор амжилт гаргана гэдэгт итгэж байна. Дэлхий даяар хамгийн олон шүтэн бишрэгчтэй спорт болох хөлбөмбөг Монголд улам бүр хөгжиж байна. Өнөөдрийн энэхүү шинэ ордон багачууд, залуучуудад хөлбөмбөгөөр хичээллэх, амжилт гаргах урам зоригийг нэмэх нь дамжиггүй” хэмээн ярьсан. Саяхан манай улсад АХБХ-ны футзалын сургалт болсон. Үүнтэй холбогдуулж манай улсын футзалын бүхий л тэмцээн олон улсын дүрмээр зохион байгуулагдах болсон нь сайшаалтай. МХБХ ОУХБХ-ны “GOAL-1” төслөөр 2002 онд олон улсын стандартад нийцсэн талбай, “GOAL-2” төслөөр 2006 онд төв байртай болж байв.
“Футзалын ордон”-ы нээлтийн ажиллагааны дараа “Интер”-ийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард Италид айлчлах үеэрээ тус клубт зочилж, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах санал тавьсан. Уг саналыг тус клубийн эзэн М.Морати талархан хүлээж авсан билээ. Тэгвэл энэ ажлын эхлүүлэхээр “Интер” клубийн захирал бөгөөд ерөнхий менежер Эрнесто Паолило, клубийн Элчин сайд Барбара Факетти, “Интер Кампус” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Николетта Флутти нар хүрэлцэн ирсэн юм. Спортоор дамжуулж нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьдог “Интер Кампус” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, “Интер” клубийн hooh;nay академийг МХБХ-той хамтран байгуулах бөгөөд ирэх оны хавар эхлэх ажээ. Уншигч та “Интер” клубийн төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагыг манай сонины маргаашийн дугаараас уншаарай.
"Өдрийн шуудан" сонин
