
Энэ үеэр ургац хураалтын амжилтаа дүгнэж, алдаа оноогоо ярилцаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн хамт олон, тариаланчидаа шагнаж урамшуулахын зэрэгцээ өөрсдийн тарьж ургуулсан жимс ногооны үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан. Тэр дундаа энэхүү газар тариалангийн бүс нутгийнханд улс аймгийн чанартай томоохон хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулах боломж бүхий бүсийн хэмжээний спорт цогцолборыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон нь газар тариаланчид, сумын ард иргэдийг баяруулсан үйл явдал болсон юм. Энэхүү 500 хүний суудалтай спортын иж бүрэн цогцолборыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын дэмжлэг туслалцаатайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж байгаа бөгөөд энэ нь хүний төлөө хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт сум орон нутагт сүндэрлэж байгааг сумын удирдлагууд онцолж, гүн талархал илэрхийлж байлаа.
Нээлтийн үеэр Сангийн сайд С.Баярцогт хэлсэн үгэндээ “Цагааннуур сум манай улсын газар тариалангийн гол бүс нутаг төдийгүй Ардын төрийн их баяр наадамд эр бяр, ид хаваараа гайхуулан, уран сайхан барилдаанаараа олон түмнээ цэнгүүлж явсан “Боохой” хэмээн алдаршсан, улсын арслан Данзангаараа, Даншигийн их наадамд хэдэнтэй манлайлсан Товхонханы Буган халиун шандаст хурдан хүлгээрээ Сэлэнгэ аймагтаа төдийгүй улс орондоо алдартай сум. Ийм тул та бүхэн их аваргынхаа нэр төрийн өндөрт өргөж, энэ нутгаасаа олон сайхан алдарт бөхчүүд, тив дэлхийд нэрээ цуурайтуулсан аваргууд олноороо төрөн гарч, шандаст хурдан хүлэг шигээ хийморь цог золтой явахыг хүсэн ерөөж байна” гэсэн юм. Мөн ургацын баяр болон спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд улс аймгийн алдар цолтой 64 бөхчүүд барилдлаа.