
үед Ц.Нямдорж сайд руу амтай болгон ноцож, дайрч байна. Том хаустай,
хэтэрхий өндөр үнэтэй түрээсийн байранд амьдардаг, Л.Гүндалайг баривчлах
тушаал өгч байсан, А.Сүхбатыг өшиглөсөн Г.Өсөхбаярыг наадмын талбай
дээрээс баривчлах тушаал өгч байсан энэ тэр гээд л.
Анх экс
Ерөнхийлөгч маань эхэлсэн энэхүү шуугианыг шударга ёсны нэр барьсан
элдэв хөдөлгөөн, холбоо, төрийн бус байгууллагынхан өдөр болгон
дэвэргэж, “Огцор, зайл, шалгуул” гэх боллоо. Шар завьжилсан хөөрцөг
оюутнаас авахуулаад эрүүгийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаад одоо
хөдөлгөөнчин болсон сагсуу этгээд хүртэл “Ц.Нямдоржийн хууль мэддэг гэж
юу байсан юм бэ” хэмээн шүлсээ үсчүүлэн дайрч байна.
Энэ бүх
дуулиан шуугианы дундуур ард иргэдийн сэтгэлийг хирдхийлгэж байгаа
нэг зүйл бол нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаа хүчний
байгууллагынхан хэрхэн ажиллах талаар зохицуулалт хийхийг оролдсон
Цагдаагийн байгууллагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай
асуудал болоод байна. Нэмэлт өөрчлөлтийг уншиж ч үзээгүй, хөндлөнгийн
хэн нэгний амнаас хагас сонссон зүйлээ ч ойлгоогүй алдарт
“хөдөлгөөнчид”, улстөрчид, төр, нийгмийн төлөөх зүтгэлтнүүд болоод
зүтгэлтэн болохыг горилогчид өнөөдөр нэгэн дуугаар “Ард түмнээ буудах
гэсэн Ц.Нямдоржийн санаархлыг хэрхэвч биелүүлж болохгүй” хэмээн
хашгиралдсаар, бие биеэсээ өрсөж илүү муухай үг олж хэлэхээр уралдацгааж
байна.
Энэ хүмүүс 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг
ямар амархан мартана вэ. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн сэтгэлээсээ
илүүтэйгээр тонуулын вискинд халцгаасан хэдэн зуун залуус Монголын
нийгэмд айдас түгшүүр, эмх замбараагүй байдал бий болгож эх орон маань
түүхэндээ байгаагүй хар өдрийг үзсэн. Жагсаал цуглааныг эхлүүлсэн, өдөөн
турхирч зохион байгуулсан этгээдүүд нь сүүлээ хавчин зугтаж одсоны
дараа бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд үнэгүйдэж эцэст нь дөрвөн
хүн буудуулж, нэг иргэн гүн согтолтын улмаас угаартаж амь насаа алдсан
хэрэг явдал гарсан. Үйл явдал өнгөрсний дараа хоёр цагдаа энэ үед авсан
гэмтлийнхээ улмаас амь насаа алдаж хэдэн зуун цагдаа бие эрхтнээрээ
хохироод үлдсэн.
Энэ өдөр нийтийг хамарсан эмх замбараагүй
байдал, онц байдал зэргийг огт үзээгүй явсан монголчууд үнэхээр барьц
алдсан юм. Ерөнхийлөгч нь онц байдал зарласан боловч Онц байдлын тухай
хуульд онц байдал зарласан үед авах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх
арга замын талаар тодорхой зохицуулалт огт байхгүй байсан. Онц байдал
зарлалаа гээд тухайн үед галын голомтод байсан цагдаагийн бие
бүрэлдэхүүн, хүч хэрэгсэлд юу ч нэмэгдээгүй. Зөвхөн нэр төдий энэ онц
байдлын хамгийн сайн хэрэгжсэн үйл ажиллагаа бол чөлөөт хэвлэл
мэдээллийн хэрэгслийг гурав хоногийн дотор хаасан явдал юм. Бусдаар бол
цагдаа ажлаа хийсэн, харин олон хүн л өмнөөс нь “аахилсан” байх.
Өнөөдөр тэр үеийн бүх хууль тогтоомж хэвээрээ байгаа. Дахиж тийм байдал
үүсэхэд хүчний байгууллагуудын ажлын уялдаа, ажиллах зарчим зэрэг нь
зохицуулалтгүй байна гэсэн үг. Гэтэл өмнөхөөс хэд дахин илүү хор уршиг
учрах бодит нөхцөл байдал өдөр ирэх тусам бий болсоор л байна. Хувьсгал
ярьж хийрхэгчид, баялагт маань шунасан гадныхны гар хөл болсон
этгээдүүд чухамхүү үүнийг л хүсч байгаа. Долоодугаар сарын 1-ий үйл
явдлын дараа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “өнгөт хувьсгал”,
“ураны хувьсгал”, “ноолуурын хувьсгал” гэх зэргээр шуугиж эхэлсэн. Энэ
бүхнээс харвал хувьсгалыг өөр өөрийн ашиг сонирхлын нүдээр гадаад орнууд
анхааралтай ажиглаж байсан нь илт байдаг.
Ер нь өнгөт хувьсгал
гээч нь хэсэг бүлэг этгээдийн эрх мэдэлд хүрэх арга зам, үүнийг нь
ашигласан харийнхны ашиг хонжоо олох хэрэгсэл байдаг гэдгийг өнгөрсөн
жилүүдэд дэлхий даяараа харлаа. Гүрж, Украйн, Киргизийг хар л даа. Ард
түмэн нь аз жаргалтай амьдраад, эдийн засаг нийгэм нь үсрэнгүй хөгжөөд
байгаа зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ нийгэм, эдийн засгийн
амьдрал нь харийн орнуудаас үлэмж хамааралтай болчихсон. Удирдагч
этгээдүүд нь нийгмийн шаар, дарангуйлагчид болчихоод байна. Ю.Тимошенког
ял аваад удаагүй байхд Саакашвили гэгч нөхөр Ерөнхийлөгчийн бүрэн
эрхийг хугацаагүй болгоно, бүх насаараа улс орноо удирдана гээд л яриад
явж байна. Киргизийн хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүгийн нөхцөл
байдал, гэмт хэргийн гаралт энэ тэрийг бол яриад ч хэрэггүй. Өмнөхөөсөө
хэд дахин дордсон. Арабыг хамарсан хувьсгал ч ялгаа алга. Сайн сайхан
болсон зүйл лав алга. Нефть, бусад баялаг нь л хяналттай байвал тухайн
үндэстний сайхан амьдрах эсэх нь хэнд хамаа байна аа.
2008 оны
долоодугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бол
улаан цайм луйвардуулсан сонгогчдын уур хилэн дээр дөрөөлж төрийн эрх
мэдлийг хууль бусаар авах гэсэн өнгөт хувьсгалын нэг хэлбэр мөн.
Д.Одбаяр гишүүний хэлдгээр гадныхны хатгалга, зохион байгуулалт орсон
байхыг ч үгүйсгэхгүй. Энэ өдөр Монголын ард түмэнд хадгалагдах ёстой
засгийн эрх мэдлийг гадныхны “утсан хүүхэлдэйнүүд” гартаа авч, асар их
баялагт минь эзэн суухад тун ойрхон байсан. Тийм зорилго ч байсан.
Гагцхүү энэхүү үйл ажиллагаанд нь Монголын төр, тэр дундаа Цагдаагийн
байгууллага саад болсон юм.
Тэгэхлээр нийтийг хамарсан эмх
замбараагүй байдал гэдэг бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд
хохирол учруулж болохуйц нэн аюултай үзэгдэл мөн. Ийм үед өмч хөрөнгө,
амь нас, эрүүл мэнд ямар ч үнэ цэнэгүй. Ийм чухал зүйлс үнэгүйдэх цагт
юун тэр эх орон, тусгаар тогтнол, байгалийн баялагтай манатай.
Ийм
байдал үүсэхэд хүчний байгууллагууд хэрхэн ажиллах, үүссэн нөхцөл
байдлыг хэрхэн гарз хохирол багатайгаар даван туулах, хэсэг иргэдийн
хууль бус үйлдлийн улмаас нийт иргэдийнхээ эрх ашиг хохирохгүй байх
нөхцлийг хэрхэн бүрдүүлэх талаарх хууль зүйн зохицуулалт зайлшгүй
шаардлагатай. Чухамхүү энэ зохицуулалтыг хийх гэсэн Ц.Нямдоржийн санааг
ойлгоогүй мөртлөө жадлан эсэргүүцэж, хэн нь их эсэргүүцснээрээ уралдах
нь бүгдэд маань ашиггүй. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн чухам аль
хэсэг нь болохгүй байгаа, Үндсэн хуульд нийцэж буй эсэх, ямар
томьёоллоор явбал зүйтэй болох гэсэн ажил хэрэгч шүүмжлэлээс илүүтэйгээр
“Иргэдээ буудах гэж байна” хэмээн утга учиргүй сандрагсдад сануулахад
өнөөгийн манай хуулиар цагдаагийн албан хаагч зайлшгүй тохиолдолд галт
зэвсэг хэрэглэх эрх нь байгаа. Энэ нь бүх оронд байдаг зохцуулалт юм
шүү. Та бүхний хамгийн их жишээ татдаг АНУ-д гэхэд л цагдаагийн хувцсанд
хүрсэн л бол шууд буудах эрхтэй байдаг. Гэтэл үүнийг Ц.Нямдорж дэлхийд
анх удаагаа хуульд тусгах гэж байгаа юм шиг, маш нарийн харилцааг
зохицуулахаар чармайн оролдсон төслийг нь зөвхөн галт зэвсэг хэрэглэх
тухай заалт хуульд нэмэх гэж байгаа юм шиг бүү гуйвуулаач.
“Ц.Нямдоржийн
хар хууль” гэдэг 2002 оны Эрүүгийн хуулиас болж олон сөрөг үр дагавар
гарсан. Дураараа зассан хуулиас нь болж түүнд ард түмэн итгэхээ больсон.
Өөрийгөө хамгийн мундаг хуульч гэж итгэдгээсээ болж өөрчлөлт,
шинэчлэлтийг салбартаа хийхгүй байгаа зэрэг олон алдаанаас нь хамаарч
түүнийг бүгд шүүмжилж байна. Гэхдээ гуйвуулж боломгүй, бүгдийн маань,
тэр дундаа улс үндэстний маань эрх ашигтай холбоотой асуудал гэж байна.
Улстөржүүлж болох, болохгүй ч зүйл байна. Үүний нэг нь нийтийг хамарсан
эмх замбараагүй байдлын үеэр хүчний байгууллагууд хэрхэн ажиллах тухай
асуудал юм.
Үүнийг ярих, санаачлах ёстой субъект нь гарцаагүй
Ц.Нямдорж сайд. Тийм болохоор түүнийг энэхүү асуудал дээр өмөөрөхөөс
арга алга. Санаачилсан зүйл нь зөв буруу эсэхийг хэлэлцэх, тогтоох,
болохгүй бол буцаах эрхтэй албан ёсны бүтэц тэртэй тэргүй байгаа. Энэ
бол Улсын Их Хурал. Ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг хангах,
гэмгүй иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх
зэрэг нь түүний үүрэг.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
