Эмэгтэйчүүдийг дэмжихийн учир

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг дэмжихийн учир

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63.511 хүн ажлын байртай болжээ. Үүний 27 мянга гаруй нь эмэгтэйчүүд байна. Ажилтай байна гэдэг сайхан. Ажилгүй эмэгтэйчүүдийн тоо 2009 онд 25.763 байсан бол 2010 онд 13.923 болон буурчээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өдөр ирэх бүр нэмэгдэж буйг харуулж байгаа юм. Африкаас бусад улс оронд 1990-ээд оноос эхлэн эмэгтэйчүүд нийгэмд идэвхтэй оролцож, ажил хөдөлмөр эрхлэх нь ихэссэн байдаг. Үүний нэгэн адил манай улсын эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд хүч түрэн орж ирэв. Харин одоо нийт хүн амын 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас хөдөлмөрийн насны хүн амын 50.4 хувь, ажиллагсдын 49.4 хувь, боловсролын салбарт 70 гаруй хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувь, бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монголын хөгжлийн хүнд хэцүү, зовлон, жаргал бүхний тэн хагасыг бүсгүйчүүд эрчүүдээс дутахааргүй үүрэлцэж явна. Манай улс өрсөлдөх чадварын индексийн голлох зарим нэг үзүүлэлтээрээ тааруу байдаг хэдий ч өнгөрсөн онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээрээ тавдугаар байрт оржээ. Энэ нь цалин хөлс тогтоох уян хатан чанар, бодит байдал дээр сайн хэрэгждэгтэй холбоотой аж. Өнөөдөр “Нийгэм тэр аяараа ажилгүйчүүдээр дүүрлээ” гэж шүүмжлэх хүн захаас аваад олон бий. Харин зарим нь “ажил хийе” гэсэн хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн ховор болоод байгааг илүүтэй шүүмжилдэг. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцож, дийлэнх нь хөдөлмөр эрхлэх болсныг өрх толгойлсон эхчүүдийн тоо өссөнтэй холбон тайлбарлаж болох. Учир нь өрх толгойлсон эмэгтэйчүүд 73 мянга орчим байгаа нь нийт өрхийн 11.6 хувийг эзэлдэг аж. Тэд үр хүүхдээ тэжээхийн тулд өрх толгойлон мэргэжилтэй нь мэргэжлээрээ, мэргэжилгүй нь өөрийн хийж чадахаас чадахгүй хүртэл зүтгэцгээж байна. 

Хөдөө, орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн ажил, амьдралыг нүүдлийн болон суурьшмал гэж хэлж болно. Хөдөөгийн хүн ам Монгол Улсын нийт хүн амын 41 хувь байдаг. Гэтэл тэд эдийн засгийн идэвхтэй хүн амын 48.7 хувийг эзэлж байна. Энэ нь нийслэлтэй харьцуулахад мэдээж бага үзүүлэлт. Эмэгтэй хүн гэрээ авч явж, үр хүүхдээ өсгөх үүрэгтэй гэдэг. Хэдий ийм үүрэгтэй боловч тэднийг гэрийн ажлаас өөр ажил хийх эрхгүй хэмээн хуульчлаагүй. Хөдөөгийн эмэгтэйчүүдэд ажил эрхлэх хүсэл байвч төдийлөн ажлын байр олддоггүй. Тиймээс л цалин бага, үйлчилгээний салбарт ажиллах нь элбэг байдаг. Нөгөөтэйгүүр хөдөөгийн эмэгтэйчүүдийн 77 хувь нь мал маллан амьдарч байна. Гэтэл тэдний хөдөлмөрийг барагтай бол үнэлдэггүй. Байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг. Тэгтэл малчин эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн салбарт голлох үүрэг гүйцэтгэж байгааг онцлох хүмүүс бий.  

Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн дотор олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах, одонтой эхчүүдийн тоог нэмэх болзлыг хөнгөвчлөх, эхчүүдийн үнэлэгдэхгүй байгаа хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, эмзэг бүлгийн өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгож, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах асуудлыг шийдвэрлэж буй юм. Эхчүүдэд хандсан энэ мэт дэмжлэг, аливаа хөрөнгө оруулалт нь эмэгтэйчүүдээр дамжуулан гэр бүл, хүүхэд багачууд цаашлаад улс орны хөгжлийн хувь заяаг шийдвэрлэхэд чиглэсэн давхар хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлог аж. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 гаруй хувьтай явж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд өнгөрсөн баасан гарагт 1000 эмэгтэйчүүдийн чуулганд оролцох үеэрээ дуулгасан юм. Энэхүү үр дүн нь ажилгүйчүүдийн хувь хэмжээг нэг оронтой тоонд шилжүүлж буй үзүүлэлт ажээ. Хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн гол нөхцөл нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах явдал байдаг. Үүгээр зогсохгүй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нь тухайн нийгмийн иргэншил, соёлын хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт болдог гэх. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо харьцангуй өндөр. Энэ утгаараа эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг бий болгох нэг хэлбэр болно гэдэг. Учир нь эмэгтэй хүн бүрийн санал санаачилга нь гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол, хүмүүжил зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. УИХ-аар одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Иймээс уг төсөлд эмэгтэйчүүдийн квотыг тусгах нь нийт эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх бололцоог бүрдүүлэх юм. Гүйцэтгэх засаглал гэр бүл, эмэгтэйчүүдэд хандсан бодлогыг хууль эрх зүйн баталгаатай болгох үүднээс Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан билээ. Үүгээрээ улс төрийн, захиргааны, төрийн тусгай ба үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны дунд хүйсийн квотыг анх удаа хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх эрх зүйн боломжийг бүрдүүлж чадсан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Харин энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах талаар тусгажээ. Энэ мэт Засгийн газрын зүгээс гэр бүл, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нь дэмжих зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ. Үүний үр дүнд НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-өөс явуулдаг судалгааны дүнгээр манай улс хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд оржээ. Эмэгтэй, эх хүн бүр гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амь хайрлалгүй зүтгэдэг. Үүний нэгэн адил улс орныхоо хөгжлийн төлөө бие хайрлахгүй ажиллаж явна. Тиймээс  эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд төрөөс хамгийн их анхаарах нь улс орны томоохон зорилго, зорилт болох учиртай.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж