
Булган аймгийн сургууль, цэцэрлэгт нийт 700 гаруй багш ажилладгийн 344 нь тав хүртэл жил ажилласан залуу багш нар байдаг аж. Тэдний 287 нь бакалавр, 19 нь магистрын зэрэг эзэмшжээ. “Залуу болон бүтээлч багш нарын чуулга уулзалтыг зохион байгуулна” хэмээн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Боловсрол соёлын газрынхан 2010 оноос эхлэн бэлтгэсний үндсэн дээр залуу багш нарын чуулга уулзалт, зөвлөгөөнийг өнгөрсөн долоо зохиожээ. Тэд дөрвөн салбар хуралдаанд хуваагдан залуу багшийн тулгамдаж буй асуудал, арга барил, соёл, ёс зүй, хөгжил гэсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулан ярилцаж тохиролцоод уриалга гаргасны дээр аймгийн залуу багш нарын холбоо байгуулан анхдугаар хурлыг нь хийж, холбооны тэргүүн, зохицуулах болон хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгон холбооны дүрмээ баталжээ. Нийт залуу багш нарыг төлөөлүүлэн 110-ыг нь чуулга уулзалт, зөвлөгөөнд оролцуулсны дотор анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш нарыг ч хамруулсан байна.
А.Зул