Эх орноосоо урвасан гэх В.Нямхандыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Эх орноосоо урвасан гэх В.Нямхандыг шүүнэ

Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан В.Нямхандад холбогдох хэргийг энэ сарын 16-нд  буюу ирэх лхагва гаригийн 10.00  цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ. Шүүх хуралдаанд  улсын яллагчаар  Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Т.Жанцан  нар оролцох бол даргалагч шүүгч нь Ё.Цогтзандан бай аж. Төрийн нууцтай холбоотой  хэрэг учир шүүх хуралдааныг хаалттай явуулах аж. Түүнд үүсгэсэн 79.1-т заалтаар бол Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол  16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Өнгөрсөн онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн зөв­­­лөх Ц.Жаргалсайханыг эх  орноосоо урвасан гэх үндэс­лэлээр 17 жил хо­рих ял оноо­ж байв. Гэсэн ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд түүнд хоёр шатны шүүхээс оноосон эх орноосоо урвасан гэх  79.1 дэх зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хуулийн 87.1  буюу төрийн нууц задруулсан хэргээр таван жилийн хорих ял оноож байсан юм.

С.Отгон

 
    
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж