Ардын намынхны ”буулт”-ын ард юу нуугдана вэ

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Ардын намынхны ”буулт”-ын ард юу нуугдана вэ

Ардын намынхан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төсөлд Ардчилсан намын­ханд гэнэт буулт хийсний цаана ямар учир байна вэ. УИХ дахь Ардын намын бүлэг 48:28 гэсэн хувилбараар сонгууль явуулах нь хамгийн зүйтэй гэж үзсэн. Харин үүнийг Ард­­чилсан намынхан зөвшөөрсөн боловч 26 тойргоо жижиглэхгүй гэдгийг “анхааруулсан” удаатай. Ингэж эргэж, буцаж, маргалдсны эцэст сонгуулийг 48 мандаттай, 26 тойргоор явуулахаар болсон. Мөн Улаанбаатарын хүн амын тоо нэмэгдсэнийг харгалзан үзэж, ман­датын тоог нэмэх Ардчилсан намын саналыг Ардын намынхан хүлээн авсан юм. Үүнийг нь задлавал хөдөө, орон нутагт 34, нийслэлд 14 ман­даттай байх ажээ. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийн тогтолцооны хувьд ийм бай­на. Ардчилсан намын бүлэг энэ та­лаар хэлэлцэн Ардын намын бүл­гийн саналыг дэмжвэл УИХ-аар бат­лахад бэлэн болно гэсэн үг. Гэтэл шинэчилсэн найруулгын төсөл Үндсэн хуулийн Цэцэд очин “унах” магадлалтай байгаа юм. Учир нь  Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт бий. Тэгтэл одоогийн төслөөр 48:28-ын 28 нь пропорциональ хувилбараар явах ёстой. Өөрөөр хэлбэл 28 нь намын жагсаалтаар гарч ирэх юм. Тэгэхээр Үндсэн хуульд заасанчлан “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэдгийг зөрчих тул нөхцөл байдал өөрөөр эргэх болчихоод байна. Гэвч энэ нь Ардын намынханд ашигтайгаар эргэж мэднэ гэх гишүүд бий. Бүр тодруулбал тэд Ард­чилсан намынханд зүгээр “буулт” хийчихээгүй. Харин ч зо­риу­даар ийм арга бодож олсон байх талтай аж. Ингэж хардах үндэслэлийг УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин саяхан теле­визээр ярихдаа хэлжээ. Тэрбээр “Ардчилсан намынхан бидэнд да­хин санал тавихгүй байх. Хоёр бүлэг Сонгуулийн тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг аль болох хурдан батлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэрэв тэгэхгүй бол Үндсэн хуулийн Цэцэд ямар нэг асуу­дал тавьж мэднэ. Тиймээс хурдан баталж, асуудал гарвал хугацаанаасаа өмнө амжиж шийдвэрлэх хэрэгтэй” гэв. Үүнээс үзэхэд яах аргагүй Цэцэд асуудал үүсэж, сунжрах нь тодорхой байгаа юм. Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төс­лийг батлахад сар гаруйн хугацаа үлдсэн. Хэрэв Үндсэн хуулийн Цэцэд “унаж”, түүнийг нь дахин хэ­лэлцэн өөрчилнө гэвэл хоёр намын бүлэг бүрэн зөвшилцөөгүй байгаа энэ үед цаг хугацааны хувьд амжихгүй. Нэгэнт хугацаандаа амжаагүй болохоор хуу­лийн дагуу мөрдөж буй хуулиар ирэх сонгуулийг явуулах юм. Харин Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ чигээр нь баталбал Үндсэн хуу­лийн Цэцэд “унах” уу. Ингэснээр хуулийн төслийг хугацаандаа амжиж баталж чадах болов уу гэх асуултыг УИХ-ын зарим гишүүнээс асуулаа.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛЬ ЯВУУЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

-Шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш буюу 1992 онд орон нутгийн сонгуулийг пропорциональ тогтол­цоогоор явуулж байсан юм билээ. Тэ­гэхээр одоо холимог тогтолцоогоор  сонгууль явуулбал Үндсэн хуулийн Цэцэд “унана” гэж бодохгүй байна. Манай улс АНУ-ын Үндсэн хуулийг суурь хуулиа болгосон. Ер нь хуульд заасан “УИХ-ын гишүүнийг шууд сон­гоно” гэдгийг нөгөө талаас нь харах хэрэггүй болов уу. Намын хөтөлбөрөөр сонгох нь ялгаагүй гэж бодож байна. Ардын намынхныг одоо мөрдөж буй хуулиар сонгуулийг явуулах бодолтой байгаа гэх яриа бий. Гэхдээ өмнө нь пропорциональ хувилбараар сонгууль явуулсан учир асуудал үүсэхгүй байх. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа: ХУУЧИН ТОГТОЛЦООГООР ЯВЖ МЭДЭХ ЮМ

-Үндсэн хуулийн Цэцэд очих эсэхийг нь мэдэхгүй юм. Хэ­рэв тэг­вэл мэдээж Цэц шийдвэр гар­гана. Тэгээд хуулийн зөрчилтэй бол бат­лахгүй гэсэн үг. Энэ нь эр­гээд хуучин тогтолцоогоор явах ма­гад­лалтай. Ер нь “Үндсэн хуулийн Цэ­цийн дээр хөх тэнгэр л байдаг” гэдэг. Харин сүүлийн үед ийм байхаа больчи­хож гэж бодоод байгаа шүү.  

УИХ-ын гишүүн Су.Батболд: ЦЭЦЭД ГОМДОЛ ГАРГАЛАА Ч ХУУЛИЙН ГАРЦ БИЙ

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ чигээр нь баталбал Үндсэн хуулийн Цэцэд очих байх. Зарим хүн Цэцэд гомдол гаргаж мэдэх юм. Гэхдээ ингэлээ гээд хуулийн гарц байгаа гэж бодож байна. Үүнийг тухайн үед бодох хэрэгтэй.    

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж