
эмэгтэйг дэлхий дахин үнэлсэн нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт
боллоо. Хүний эрхийн хуульч гэдгээр нь хүн бүр мэддэг болсон М.Ичинноров
дэлхийн бүх цаг үеийн шилдэг 20 хуульч эмэгтэйн нэгээр тодорчээ. Хүний
эрхийн хуульч хэмээн өөрийгөө нэрийдэхэд нь ойшоохгүй нь олон байсан ч
зовлонд унасан хүмүүс түүнийг бараадаж, асуудлаа шийдүүлдэг байсан нь
бодит үнэн. Ийнхүү олонд тоогдоод байсан эрхэм хатагтай Ардын намын
эгнээнд нэгдсэнээс хойш сураг алдраад байсан боловч АНУ-ын Online
College Network-ынхон Хуулийн сургуулийн оюутан бүрийн мэдвэл зохих
дэлхийн бүх цаг үеийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйн нэгээр
шалгаруулжээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари
Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер, Израилийн
сөрөг хүчний удирдагч Ципи Левини, АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Сандра Дэй
Коннер, Соня Сотомеэр нартай эн зэрэгцсэн байна. Тус байгууллагаас
М.Ичинноровыг хуульч мэргэжлээ ашиглан хүний эрх, хууль эрх зүйн
шинэтгэл, шоронгийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үйлсэд бодит
хувь нэмэр оруулсан фигур хэмээн тодорхойлжээ. Манай улс НҮБ-ын өмнө
2015 он гэхэд УИХ-ын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн
үүрэг хүлээсэн. Харин энэхүү үүргээ биелүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа
эгзэгтэй үед Монгол эмэгтэйчүүдийн нэр хүндийг өсгөсөн, нүдээ олсон энэ
үйл явдал улстөрчдөд нэгийг бодогдуулж буй биз. Хүний эрхийн хуульч
гэдэг нэрээ Монголд байтугай дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан
түүнд амжилт хүсье.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин