Монголын хөлбөмбөгчид футзалын ордонтой болов

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид футзалын ордонтой болов

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд нэгэн дэвшил гарлаа. Энэ нь мэдээж манай улс анх удаа футзалын ордонтой болсон явдал юм. 640 хүний суудал бүхий стандарт талбайтай уг ордныг Монголын хөлбөмбөгийн холбооны захиалгаар “Гоол” төслийн хүрээнд бүтээн байгууллаа. Ингэснээр Монголын хөлбөмбөг сонирхогчид өвөлдөө стандартын талбайд футзалын тэмцээн үзэж болохоор болов. Өвлийн шинэ ордны нээлтэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Занг Жилонг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Италийн алдарт “Интер Милан” клубын захирал буюу ерөнхий менежер Эрнесто Паолило тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Футзалын ордны нээлтийн үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд хэлэхдээ “Бид ийм ордонтой болохыг хэчнээн жил мөрөөдсөн билээ. Тэгвэл тэр мөрөөдөл одоо биелэж байна. Монголын хөлбөмбөгийн хөгжил алхам алхмаар урагшилж, шинэ шатанд гарах болно. Үүний төлөө бид бүгд хамтран ажиллаж, бүх хүчээ дайчилна” хэмээн хэллээ. 2011 онд Монголын хөлбөмбөгийн спортод олон чухал арга хэмжээ болсон. Үүний нэг нь футзалын шинэ ордон болж байгаа юм. Цаашлаад тус холбооноос “Гоол-5” төслийг хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд 10 мянган хүний суудал бүхий талбай барихаар төлөвлөж байгаа ажээ.

Паолило: Хэрвээ Монголд академиа байгуулбал Азид анхдагч нь болно Шинэ ордны нээлтийн дараа Италийн “Интер Милан” клуб хэвлэлийн бага хурал хийв. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад зочилж байгаа юм. “Интер”-ийн захирал Эрнесто Паолилогоос гадна тус багийн элчин сайд Барбара Факетти, “Интер кампус” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Николетта Флутти нар ирсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад “Интер”-ийн ерөнхий менежер Эрнесто Паолило ийн хариуллаа.

-Монголд “Интер”-ийн академи байгуулахаар болж байгааг сонслоо. Яагаад заавал Монголыг сонгох болов. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Юун түрүүнд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн урилгаар танай сайхан оронд ирсэндээ баяртай байна. Энэ ажил одоогоор дөнгөж хэлэлцээрийн шатанд явж байна. Тийм болохоор академийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч бид юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцахаар ирлээ. Танай улсын Ерөнхийлөгч Итали улсад айлчлах үеэр бид уулзаад Миланд болсон уулзалтаар Монголд төдийгүй бусад оронд хөлбөмбөгийн спортыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхэд саад болж байгаа бэрхшээлийг даван туулад бид туслалцаа, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

-Багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Академи байгуулахад шинээр бүтээн байгуулалт хийх үү?

-Мөнгө бол тийм ч чухал биш. Олон талын туслалцаа, дэмжлэгээр болно шүү дээ. Мөнгөний асуудал ярихад эрт байна. Бүтээн байгуулалтын тухай яриахад эрт байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Ямар ч байсан “Интер” клуб, МХБХ-той академи байгуулах тал дээр хамтран ажиллана.

-“Интер” клуб Азид хэчнээн академитай вэ?

-Хэрвээ Монголд академиа байгуулбал Азид анхдагч салбар нь болно. Харин манай клуб Европт олон салбар бий.

-Монголын шилдэг хүүхдүүдийг Миланд сургах боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Гэхдээ Монголын хүүхдүүд манай академид суралцаад гадагшаа гарах биш Монголдоо энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна.

-“Интер”-ийн өнөөгийн байдлын талаар юу хэлэх вэ?

-Хэцүү байгаа. Ихэнх гол тоглогчид бэртэлтэй байгаа нь бидний амжилтад сөргөөр нөлөөлөх болсон. Манай баг одоогоор лигтээ нэлээд доогуур бичигдэж байна. Гэхдээ Италийн лиг тавдугаар сар дуусах хүртэл бидэнд боломж бий. Бид Аваргуудын лигт амжилттай тоглож байгаа учраас үүнд анхаарлаа хандуулж байна.

Б.Мөнхзул

“Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж