Өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Өвлийн эхэн сар хэдийн гарсан ч цас орж, хүйтрэхгүй, харьцангуй дулаан байсан нь хот хөдөөгүй налгар тайван байдлыг бий болгосон бололтой. Харин өнгөрсөн баасан гаригаас эхлэн цас орж эхэллээ. Цаашид ч цаг агаар хүйтэрч, хүйтний эрч чангарна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Малчид, хөдөө орон нутгийн иргэд болон холын замд гарч буй нийтийн тээврийн хэрэгсэл бэлтгэлээ базааж замд гарах хэрэгтэйг ч тэд мөн санууллаа.  

Хүйтний эрч чангарч, цасаар шуурна

Өнөөдрөөс эхлэн баруун болон төвийн аймгуудад цас нэмэн орж, цасан шуурга тавих юм байна. Мөн энэ сарын 17-ноос нийт нутгаар салхи секундэд 12-14 метр секунд хүрч, уулархаг газруудаар цас их орно гэв.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Өвлийн эхний сар учраас нийт нутгаар цас орж хүйтний эрч чангарах юм байна. Тиймээс малчид, ард иргэд өвлийн бэлтгэлээ базааж, нийтийн тээврийн хэрэгсэл орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна. Аравдугаарс сар бол хүйтний улирлын хамгийн дулаан сар нь байдаг. Харин арван­нэг­дүгээр сараас эхлэн хүйтний эрч чангарч, цас ихээр орж эхэлдэг. Энэ сараас хүйтний улирал эхэлдэг учраас цаашид цаг агаарын мэдээ урьдчилан сонсч, анхааралтай бай­хыг сануулж байна.

Халтиргаанаас сэргийлэх бодис 90 тонныг нөөцөлжээ

Өнгөрөгч баасан гаригт нийслэл бүхэлдээ цасанд дарагдсан нь нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлт­гэлийг шалгасан гэнэтийн шалгалт болсон. Хэдийгээр цас үргэлжлэн ороогүй боловч гэр хорооллын зам болон бусад зам халтиргаа гулгаатай хэвээр байна. Харин нийслэлийн захирагчийн алба болон холбогдох албан тушаалтнууд зам талбайн халтиргаанаас сэргийлэх давс болон бусад бодисыг хангалттай нөөцөлсөн гэв. Одоогоор нийтдээ 90 тонн бодис нөөцлөөд байгаа бөгөөд энэ нь цас ихээр орж, авто замд халтиргаа үүссэн нөхцөлд хангалттай хүрэлцэнэ гэлээ. Нийслэлийн Захирагчийн албанаас хөрөнгө гаргаж нөөцөлсөн дээрх бодисыг  дүүргүүдийн ТҮК-үүд хариу­­­цан зам талбайд асгадаг аж.
 

Орон нутгийн зам даваа хаагдаагүй

Хөдөө орон нутагт өнгөрсөн долоо хоногоос эхлэн цас орсон. Цас их орсноос зам даваа хаагдсан эсэх талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ихэнхи нутгаар цас орсон ч одоо­гоор зам даваа хаагдсан гэсэн дууд­лага ирээгүй байна. Зарим нэг газар автомашины бүрэн байдлыг хангаагүйгээс эвдэрсэн тохиолдол гарсан ч тухайн аймгийнх нь Онцгой байдлын хэлтсийнхэн очиж яаралтай арга хэмжээ авсан байгаа. Нийтийн тээврийн хэрэгсэл бол замд гарахдаа техникийн бүрэн байдлаа шалгуулдаг. Харин иргэд, хувь хүмүүс холын замд гарахдаа, тэр тусмаа хүйтний улиралд техникийн бүрэн байдлаа хангадаггүй. Түүнээс болж хөдөө хээр, холбоо барих боломжгүй газар машин нь эвдрэх, цасанд суух тохиолдлууд гардаг. Тиймээс цаашид ч цаг агаар хүйтэрч, цас их орох учир иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэй” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногоос орж эхэлсэн цас орж, хөдөө орон нутгийн зам халтиргаатай байгаа учраас орон нутгийн замд гарахдаа иргэд сонор сэрэмжтэй, бэлтгэлээ хангаж замд гарахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж