Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Түр зуурын Пападемос

Грект Засгийн газрын хямрал дууслаа. Удтал зөвлөлдсөний эцэст Европын Төв банкны орлогч даргын ажил хийж байсан, мэргэжлийн санхүүч, евро мөнгийг тууштай дэмжигч Лукас Пападемос ерөнхий сайдаар сонгогдов.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Засгийн газар байгуулах улс төрийн намуудын зөвлөлдөөн Грекийн парламентын ордноо тохиролцоогоо хийж чадлаа. Грекийн ерөнхийлөгч Каролос Папульясын удирдан зохион байгуулсан зөвлөлдөөн дээр парламентад төлөөлөлтэй намуудын төлөөлөгчид ирсэн байв. Эрх баригч Бүх Грекийн социалист хөдөлгөөний лидер Георгиос Папандреу, сөрөг хүчний гол нам “Шинэ ардчиллын” дарга Антонис Самарас ба Ард түмний үнэн алдартнуудын чуулга намын дарга Георгиос Карадзаферис нар очсон байв. “Би Ерөнхийлөгчийн ордонд гурав дахь удаагаа энэ асуудлаар ирж байна. Хамгийн сүүлчийн уулзалт нь энэ байх гэсэн найдлагатай ирлээ” хэмээн ордонд орохын өмнө Самарас сэтгүүлчдэд хэлжээ. 

Грекийн улстөрчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн Засгийн газрын шинэ тэргүүний асуудлыг шийдэж чадахгүй байлаа. Европын Төвбанкны орлогч дарга асан Лукас Пападемосын гаргасан дэмжлэгийн баталгааны талаар социалистууд ба консерваторууд тохиролцохоор оролдож байв. Эхнээсээ л тэр гол нэр дэвшигчээр яригдсан юм. Хэлэлцээрийн явцад өөр нэр дуулдаж байсан ч намын лидерүүд санхүүч Пападемосыг ерөнхий сайд болгохоор шийджээ. Хэлэлцээр дуусангуут ерөнхийлөгч Пападемост Засгийн газар байгуулах үүрэг өгчээ.

Пападемос нь Афины академийн гишүүн бөгөөд макро эдийн засгийн онол, санхүүгийн зах зээлийн бүтэц болон ажиллагаа, мөнгө зээлийн шинжилгээ ба улс төрийн олон өгүүллийн зохиогч юм байна.

Үүний өмнө ерөнхий сайд Георгиос Папендреу улс төр, эдийн засгийн хүндрэлийн улмаас огцорлоо. Папендреугийн хувь заяанд Европын холбооноос үзүүлэх тусламжийн оронд авч хэрэгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн багц арга хэмжээнийхээ талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж түүний зарласан явдал нь нөлөөлөн түүнийг огцроход хүргэв. Европын холбооны шаардлагад төсвийн зардлыг эрс бууруулах арга хэмжээ байсан бөгөөд тэр нь яав ч сонгогчдын дэмжлэг хүлээхгүй байлаа. Папандреугийн санаачлага Европын холбоо болон Грект, мөн өөрт нь нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози экс ерөнхий сай­дыг “сэтгэлийн дарамтад орсон”, “со­лиот” гэж нэрлэсэн нь пүрэв гаригт олонд ил болов. Тэр G20 саммит дээр Барак Обаматай  ярилцахдаа ингэж хэлснийг сэтгүүлчид сонсчээ. “Солиотой Папандреу өөрийн бүх нийтийн санал асуулгаа явуулж байна. Тэр сэтгэлийн дарамтад ороод л үүнийг хийх гэж байна. Түүгээр нь түүнийг зэрэмдэглээд яахав. Тэр шалан дээр унажээ. Нокаут” гэж Саркози ярьсныг Le Parisien сонинд гаргаж тавьжээ.

Папандреу шинэ Засгийн газартаа баяр хүргээд евро бүсдээ байхыг зөвлөлөө. Евро бүсэд Грекийг хамгаалан үлдэхээ өөрийн үндсэн зорилт гэж шинэ ерөнхий сайд Лукас Пападемос мэдэгдэв. “Евро бүсэд улс орон байх нь санхүүгийн тогтвортой байдлын баталгаа. Танхимыг толгойлох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хэдийгээр өөрийн мэргэжлийн амьдралын ихэнхийг Грек ба Европын эдийн засгийн бодлогод зориулсан ч би улстөрч биш учраас өөртөө улам их хариуцлага хүлээж буйгаа ухамсарлаж байна” хэмээн тэр хэлжээ. Пападемос Ерөнхий сайдаар удахгүй гэдгийг ч бас шуудхан хэлсэн байв. “Шинэ Засгийн газар нь шилжилтийн үеийнх бөгөөд Европын холбоотой байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийг явуулах тодорхой зорилготой” гэж тэр онцоллоо.

Шинэ Засгийн газар нь аль хэр удах нь тодорхойгүй. Шинэ Ерөнхий сайд өөрөө ирэх жилийн хоёрдугаар сарын 19-нд болох парламентын сонгуулийг хэдэн сараар хойшлуулах тухай хэлсэн байна. Ерөнхий сайдыг томилсон нь Грект шаардлагатай арга хэмжээ авах боломжийг өгч байгаа ч хямралаас гарах гарц нь тодорхойгүй хэвээр байна.

Лукас Пападемос гэж хэн бэ?

Лукас Пападемос (Lucas Papademos) 1947 оны аравдугаар сарын 11-нд Афин хотноо төржээ.

Афины коллежийг 1966 онд дүүргэж, дараа нь  Массачусетийн технологийн их сургуульд бакалаврын зэргийг 1970 онд, цахилгаан техникийн магистрийг 1972 онд, эдийн засгийн докторын зэргийг 1977 онд тус тус хамгаалжээ. 

Пападемос 1973-1975 онд Массачусетсийн нэгэн кафедрийн судалгааны туслахаар ажиллажээ. 1975-1977 онд Нью-Йоркийн Колумбийн их сургуульд эдийн засаг зааж байв. 1977-1984 онд тэндээ эдийн засгийн туслах ба адъюнкт-профессороор ажиллажээ. 1980 онд Бостоны Холбооны нөөцийн банкны ахлах эдийн засагчаар ажиллав. 1984-1985 онд Афины эдийн засаг ба бизнесийн сургуульд уригдан ажиллажээ. 1988 оноос Афины их сургуулийн эдийн засгийн профессор болов.

Тэрээр 1985 – 1993 онд Грекийн банкны эдийн засгийн зөвлөх, 1993-1994 онд тус банкны орлогч дарга, 1994-2002 онд Грекийн банкны захирлаар дэвшин ажиллажээ. 

2001 оноос Европын Төвбанкны захиргааны зөвлөлийн гишүүн, 2002-2010 онд тус банкны орлогч даргаар ажилласан байна. 2010 оноос Грекийн ерөнхий сайд Георгиос Папендреугийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Харин 2011 оны арваннэгдүгээр сарын 10-наас тэрбээр Грекийн эвслийн Засгийн газрын тэргүүн болох нь тодорхой болжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж