Энэ сард 84 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Энэ сард 84 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц гардуулахаар болсон билээ.

Энэ хүрээнд ЗТБХБЯ, НХХЯ, БХЯ-ныхан ахмад дайчдад орон сууц олгох асуудлыг хариуцан хэрэгжүүлж буй. Орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын судалгаагаар 1620 ахмад дайчны нэрсийн жагсаалт гарч, дайн, байлдааны төрлөөр нь болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон орон сууц олгох ажлыг зохион байгуулж байгаа.

Эдгээр 1620 ахмад дайчнаас 2009 онд хоёр дайнд болон 1939 оны Халх голын байлдаанд оролцсон 162 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг нь гардуулсан. Харин 2010-2011 онд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцыг нь олгож дууссан. Харин баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдаас 100 гаруй хүнд байрны түлхүүрийг өнгөрсөн сард гардуулахаар болсон. Гэсэн ч ахмад дайчид одоо хүртэл байрныхаа түлхүүрийг аваагүй байгаа юм. Энэ талаар НХХЯ-ын Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэнгээс тодрууллаа.

-Ахмад дайчдад орон сууц олгох ажил дуусах шатандаа орсон. Энэ ажил өнгөрсөн сард дуусна гэсэн ч дууссангүй?

-Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 212 тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, одоо уг ажил дуусах шатандаа орж байна. Одоогоор 84 ахмад дайчинд байр олгох дутуу байгаа. Энэ ажлыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаад баруун хилийн тулгаралтад оролцсон 84 хүнд орон сууцны түлхүүр гардуулснаар энэ ажил дуусна.

-Орон сууц олгох ажил хугацаанаасаа жаахан удаашралтай явагдаж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дайчдад олгох орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд бид оруулж болохгүй. Бидний хувьд саяхан байрны засвар дуусаагүй байхад түлхүүрийг нь гардуулсан. Гэтэл байрны түлхүүрээ гардсан ахмад дайчид бэлэн болоогүй байгаа байрандаа орно гэсэн шаардлага тавьсан байгаа. Өнгөрсөн сард л ийм асуудал гарсан. Одоо энэ асуудлыг шийдсэн. Харин өнгөрсөн сард баруун хилийн тулалдаанд оролцсон ахмад дайчдад байр олгох байсан. Гэсэн ч энэ ажил жаахан удааширлаа. Энэ удаад барьж байгаа барилгын дотор заслын ажил дуусаагүй байна. Ер нь бол дотор засал хийгдсэн ч гэсэн цахилгаан шатны тохируулга, халуун усны тохиргоо гээд зарим нэг асуудал байгаа. Цахилгаан шат хүн тээвэрлэдэг учраас үүнийг МХЕГ-аас хүлээж авах юм.

-Одоо ахмадуудад хаана байр олгох вэ?

-ТБД андуудын ард "Хаан суудал" гэсэн барилга байгаа. Энэ нь "Эко" констракшны барилга юм.

-Үүнээс гадна бичиг баримтын зөрчилтэй иргэд байгаа гэсэн. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Бичиг баримтын зөрчилтэй 30 орчим хүн байсан. Түүнээс найман хүний тушаалыг гаргасан байгаа. Зөрчилтэй иргэдийн хувьд ахмад дайчны үнэмлэх нь байгаа ч дайнд оролцсон лавлагаа нь гарч ирэхгүй байна. Үүн дээр жаахан маргаан гараад байгаа. Маргаанаа шийдчих юм бол байрыг нь олгоно.

-Үүнээс гадна дайнд оролцсон ч бие барсан ахмад дайчид цөөнгүй байгаа байх. Тэр хүмүүсийн ар гэрийнхэнд орон сууц олгох боломж байгаа болов уу?

-Энэ удаад 2008 онд амьд сэрүүн байсан дайчдад байр олгохоор болсон шүү дээ. Манайд ямар өргөдөл хүсэлт их ирж байна гэхээр 2008 оноос өмнө нас барсан дайчдын үр хүүхдүүд хандаж байна. Адилхан дайнд оролцсон байхад яагаад байр өгч болохгүй гэж, яагаад ялгавартай хандаад байгаа юм бэ гэсэн хүсэлт ирж байна. Үүнийг бид цааш нь дамжуулж хэлнэ. Харин ямар шийд гарахыг мэдэхгүй байна. Ер нь нийт 80 мянга гаруй хүн дайнд оролцсон байдаг. Тэгэхээр 80 мянган хүний асуудлыг шийднэ гэхэд хүндрэлтэй шүү дээ.

Э.Пагмадулам

Эх сурвалж: http://mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж