Дунд тусгалын пуужин харвана гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Дунд тусгалын пуужин харвана гэдгээ мэдэгдлээ

НҮБ-ын цөмийн зэвсэгтэй тэмцэх тусгай ангийн тагнуулын алба Ираны уран боловсруулалт эцсийн шатандаа явж буй талаар мэдээллээ.

Хэдийгээр Иранд тавьсан урт хугацааны хориг арга хэмжээг сунгасан боловч Тегеран үүнийг үл ойшоосон. Үүний сацуу олон улсын цөмийн энергийн агентлаг энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа аж. Тус агентлагийн мэдээлснээр үй олноор хөнөөх зэвсэглэлийн араас эрчимтэй хөөцөлдөж буй Иран улсад дараачийн алхмыг яаралтай авах цаг ирсэн хэмээн олон улсын тавцанд уриалжээ.

"Ассошейтэд Пресс" агентлаг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмидинежад цөмийн лабораторитой танилцаж буй гэрэл зургийг дэлхий нийтэд цацсаны дараа олон улсын шинжээчид Тегеран үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлээ туршихад бэлэн болсныг даруй олж мэджээ. Тус улс ердөө хоёрхон хоногийн өмнө Израилийг заналхийлсэн утгатай мэдэгдэл хийсэн нь олон улсыг бүр ч илүүтэй түгшүүлэх болжээ.

Харин АНУ-ын эрх баригчид Ираны уг үйлдлийг хориг арга хэмжээг эсэргүүцэж буй балмад авир хэмээн нэрлэжээ. Гэхдээ Тегераны одоогийн нөхцөл байдал 3-5, 5-7 жилийн өмнөхөөс тэс өөр болсон гэдгийг Вашингтон хүлээн зөвшөөрч байгаа. Тэд хэзээ мөдгүй үй олноор хөнөөх цөмийн цацраг идэвхт бөмбөг дэлхийн аль нэг булан руу илгээх эсэх нь эргэлзээтэй ч дунд тусгалын пуужин хөөргөх хангалттай цаг хугацаа бүрэлдсэн нь үнэн аж.

Иран улсад тавьсан хориг арга хэмжээний дараа ОХУ, БНХАУ Тегеранд анхааруулга өгч, ураны олборлолт цөмийн ашиг сонирхлоо орхих хэрэгтэй хэмээн ятгасан юм. АНУ-ын тагнуулын тов газрын олж мэдсэнээр 12 багц бүхий нууц материалд Тегераны улс төрийн баримтууд агуулагджээ.

Үүнд цөмийн бөмбөг, дунд тусгалын пуужин, ураны хайгуул, боловсруулалт гээд Ирантай холбогдох нууц материалууд хавсаргасан байжээ. Үүнээс гадна 117 төрлийн нууц баримтууд Ираны "Фарс" агентлагийн редакциас дэлхий дахинд задарсан байна.

Ямартай ч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмидинажад Ойрхи Дорнод, Европ руу дунд тусгалын пуужин харвах болно хэмээн мэдэгдээд байна.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж