Сэтгүүлчид Фукушимад очив

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Фукушимад очив

Фукушима Даичи АЦС-д өнгөрсөн гуравдугаар сард газар хөдлөлт, цунами болсноос хойш сэтгүүлч, сурвалжлагчид анх удаа очлоо. Сэтгүүлчид газар хөдлөлтөд сүйдсэн цөмийн реакторууд, цацраг идэвхит бодистой хэдэн арван тонн ус, цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоохоор найман сарын турш ажиллаж буй инженер, ажилтнуудыг нүдээр харжээ. 9.0 магнитудын хүчтэй аймшигт газар хөдлөлт тус оронд асар их гамшиг хохирол дагуулж, 15,000 гаруй хүний аминд хүрсэн билээ. Японы цөмийн болон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын агентлаг уг ослыг 1986 оны Чернобылийн ослын дараа орох долдугаар зэргийн аюултай гамшигт тооцсон юм. Фукушима Даичи АЦС-ыг эзэмшигч Токиогийн эрчим хүчний компани одоо ч цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоох гэж хичээж байгаа юм. Гэвч өнгөрсөн найман сарын турш АЦС-д юу болж байсан талаар сэтгүүлчид ямар ч мэдээлэлгүй байсан.  Сэтгүүлчид өчигдөр автобусаар хаягдсан хотын дундуур явж, АЦС-ын нөхцөл байдлыг газар дээрээс нь харсан ажээ. АЦС-д дөхөх тусам цацраг идэвхит бодисын төвшин нэмэгдэж буйг харуулсан самбаруудыг сэтгүүлчид харсан байна. Харин Фукушима Даичи АЦС-ын хаалганд дөхөж очиход цацраг идэвхит бодисын төвшин 20  микрозиверт болсон байна.  Фукушима Даичи АЦС-ын анхааруулах самбар дээр цацраг идэвхит бодисын төвшин 1,000 микрозиверт буюу 1 милзиверт хүрвэл эрүүл мэндэд хортой нөлөөтэй гэж бичсэн байжээ. Ийм шалтгаанаар  Фукушимагийн АЦС-ын ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ажээ. АЦС-ын ойролцоо арваад өргөгч кран, цацраг идэвхит бодистой дөрвөн давхар барилгын хэмжээтэй усан сангууд байжээ. Токиогийн эрчим хүчний компанийн ажилтнуудын хэлж буйгаар дээрх усан сангуудад 90,000 орчим тонн ус байгаа ажээ. Сэтгүүлчдийг ихээр гайхашруулсан зүйл нь цацраг идэвхит бодисын нөлөө огт байхгүй мэт АЦС-ын ойр орчмын нарс моднууд үхээгүй байсан гэнэ.

Газар хөдлөлт, цунамийн аюулаас болж1,2,3-р реакторууд сүйдсэн нь ца цацраг идэвхит бодис алдагдахад хүргэсэн юм. Газар хөдлөлтийн дараа устөрөгчийн асар хүчтэй дэлбэрэлт болсон  1-р реакторын гадна талд шинээр байгууламж барьсан бол 2-р реакторын байгууламж бүрэн бүтэн хэвээр байгаа ажээ. Харин 3-р реакторын байгууламжыг сэргээн засварласан байна. 4-р реакторын байгууламжийн нэг тал нь цунамийн үеэр бүрэн нурж, ажиллагаагүй болсон ажээ. Токиогийн эрчим хүчний компанийн 3,200 гаруй ажилчид АЦС-д өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажиллаж байгаа ажээ. Фукушима Даичи АЦС-ын дөрвөн реакторыг бүрэн аюулгүй болгоход дор хаяж 30 жил шаардлагатай гэж Японы цөмийн энергийн комисс мэдэгдсэн. Тус агентлагаас гаргасан тооцоогоор 2021 он гэхэд цөмийн хаягдлаас саллаа ч тус бүсийн цацраг идэвхийн хор хөнөөлийг арилгахад дахин 10 жил шаардлагатай ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж