Бор-Өндөрийнхөн Дарханаас өрх тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Бор-Өндөрийнхөн Дарханаас өрх тусгаарлана

Нэг довон дотор амьдарч байж “Чи, би-дээ” тулж, улмаар 2008 оны орон нутгийн сонгуульд саналаа өгөхгүй бойкот хийж байсан Хэнтий аймгийн Дархан сумын иргэдтэй холбогдох асуудлыг УИХ-ын баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцлээ. Тодруулж хэлбэл, энэ нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Засгийн газрын хувьд төсөл боловсруулахдаа дараах үндэслэлүүдийг иш болгожээ. Нэгдүгээрт, Хэнтий аймгийн Дархан сумын таван багийн иргэдийн нийтийн хурал, Дархан сумын ИТХ-аас Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах санал гаргасныг аймгийн ИТХ-аар хэлэлцэн дэмжсэн. Мөн УИХ-ын 2008 оны орон нутгийн сонгуулийн үеэр гарсан зөрчилт байдлыг харгалзан үзэж, Бор-Өндөр сумыг бие даан байгуулах нь зөв юм гэсэн шийдэлд хүрсэн бололтой. Учир нь, 2008 онд Дархан сумын орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1, 2, 3, 4 дүгээр багуудад тус бүр нэгийг, үлдсэн 21 мандатыг 9311 хүн амтай тавдугаар баг буюу Бор-Өндөр хотод өгчээ. Гэтэл Дархан сумын 1, 2, 3, 4 дүгээр багууд мандатын тоог хүлээн зөвшөөрсөнгүй, “Хүн амын тоонд бус газар нутгийн хэмжээг харгалзан үзэж хуваарилалт хийх ёстой” гэсэн шаардлага тавьж орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй байна. Дээрх шалтгааны улмаас Дархан сумынхан хоёр хуваагдаж, өнөөг хүртэл түнжин муутай байх болжээ. Тиймээс Засгийн газрын хувьд хүн амынх нь тоог харгалзан үзэж, Бор-Өндөр сумыг бие даасан статустай болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн нь энэ аж. Харин УИХ-ын төвшинд эл асуудал нэлээд маргаан дагуулж, ихэнх цагаа зарцуулахаас аргагүйд хүрэв. УИХ-ын гишүүдийн хувьд “Ийм асуудал бараг аймаг бүрт байдаг.  Гагцхүү Дархан сумын асуудлыг онцлон авч үзсэн нь ирэх оны УИХ-ын сонгуультай холбоотой юм биш биз гэж хардахад хүргэж байлаа. Түүнчлэн “Засгийн газар эдийн засгийн хувьсгал, хоёр толгойн асуудалтай ноцолдсоор засаг захиргааны шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн асуудлуудаа орхигдуулж байна” гэх шүүмжлэлийг ч чулуудаад амжив. Харин Хэнтий, Бор-Өндөрт ажиллаж амьдарч байсан гишүүдийн хэлснээр бол “Бор-Өндөр бол үе дамжин мэргэшсэн уурхайчдын хот. Эдүгээ 10 мянга шахам иргэд амьдардаг, дэд бүтцийг нь түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой.  Газрын баялаг тэр дундаа жоншоо экспортолж Европ, Ази, Америк хүртэл борлуулдаг тул онцгой анхаарахаас аргагүй сумын нэг аж. Гэвч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Асуудлыг энэ маягаар шийдээд байвал 329 сум 330 болоод зогсохгүй улмаар 500-д хүрч, засаг захиргааны нэгжийг жижгэрүүлэхгүй байх монгол төрийн бодлого алдагдана. Үүний оронд Үдсэн хуульд тодотгол хийх замаар орон нутгийн хот гэдэг асуудлыг багцаар нь шийдье” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид социализмын үеийн хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэдэг задарсан бүтцээс төвлөрсөн бүтцэд орох ёстой. Засаг захиргааны оновчтой, эдийн засгийн үр ашигтай бүтэц бүхий шинэчлэл хийх талаар ярихын оронд орон нутгийн улс төрийн нөлөөлөлд хөтлөгдөөд том бодлогоо ярихгүй байна” хэмээн эрс шүүмжиллээ.

Ийнхүү гишүүд Бор-Өндөрийн талаар удтал маргасан ч санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдээс 51.3 хувь нь Засгийн газраас оруулж ирсэн төслийг дэмжсэнээр “Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ-ын тогтоол нь хараахан батлагдаагүй байгаа ч нэгэнтээ дэмжлэг хүлээчихээд буй тул Хэнтий аймгийн Дархан сумынхан одооноос Бор-Өндөрийг “хадамд” гаргах бэлтгэлийг хангаж байх нь зүйтэй болов уу. УИХ-ын сонгууль ч ойртож байна.

Авто зам хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Р.Буд нараас Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан асуулгын хариуг сонссон юм. Монгол Улсын авто замын өргөтгөл, шинэчлэлттэй холбогдсон энэхүү асуулгад Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хариулт өгөв.

Монгол Улс энэ онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авто зам барихад зориулж 27.1 тэрбум төгрөг, засвар арчилгаанд 12.4 тэрбум төгрөг тус бүр тусгасан байна.  Улсын хэмжээнд энэ онд нийтдээ 140 гаруй км авто зам шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Харин Улаанбаатар хотын хувьд  энэ онд 19.9 км зам шинээр барьж, 41 км авто замыг өргөтгөж сайжруулсан. Ингэснээр нийслэлийн хэмжээнд засч сайжруулах шаардлагатай авто зам 80 орчим хувьтай байсан бол одоо 67 хувь болж буурчээ.  Асуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Батсуурь Чойр-Сайншанд чиглэлийн 176 км авто замын ажил юунаас болж саатаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж буйд хариулт өгөхийг хүслээ. Учир нь Монгол Улс импортын барааныхаа дийлэнх хэсгийг урд хөршөөс татдаг. Гол ачаа тээвэрлэлт Замын-Үүдийн боомтоор орж ирдэг. Дэд бүтэц хөгжөөгүйгээс дан ганц төмөр замд найдахаас аргагүй байдаг. Төмөр зам нь монофоль загнаад дуртай үедээ тээврийнхээ зардлыг нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хүндрүүлдэг. Уг нь дээр нэр дурдсан 176 км авто зам баригдчихвал Улаанбаатар хот руу ачааг авчрахын тулд дан ганц төмөр зам царайчлах шаардлагагүй, авто тээврээр дамжуулах бололцоо бий. Энэ бол зөвхөн дорноговьчуудын хүсэн хүлээсэн авто зам бус нийт монголчуудын зам болохыг онцоллоо. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныхны тайлбараар бол АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани тендерт шалгарч Чойр-Сайншанд чиглэлийн авто зам барихаар болсон ч, 2007 онд шатахуун тослох материалын үнэ өссөнөөс ажлаа зогсоож гэрээгээ цуцалжээ. Үүний дараа тендэр зарлаж дахин БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани шалгарсан ч ажлаа гүйцэтгэж байгаад мөн дампуурсан гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцалсан байна. Адаг сүүлд нь 174 км авто замыг хоёр хэсэгчлэн хувааж ажлыг эхлүүлэхээр болсон ч, мөн л бүтэл муутай байгаа аж. Ийм шалтгааны улмаас дээрх ажил явахгүй цаг алдсаар зургаа, долоон жилийн нүүр үзжээ. Ер нь Улаанбаатар хотын хувьд ч авто замтай холбогдох проблем олон байгааг гишүүд хөндлөө. Тухайлбал, авто замын түгжрэл дийлдэхээ байсан. Тодорхой жишээ татвал, Улаанбаатар зочид буудлаас-Чингис хаан нисэх онгоцны буудал хүрэхэд 1960-аад оны үед ердөө 30 минут зарцуулдаг байсан бол одоо гурван цаг зарцуулдаг. Авто замын түгжрэлийг багасгах зорилгоор салбарын яам ямар арга хэмжээ авч ажиллаж буйг УИХ-ын гишүүд сонирхов. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тайлбараар бол замын түгжрэлийг багасгадаг гол гарц нь дэлхий нийтийн туршлагаар бол татварын орчин аж. Засгийн газрын зүгээс авто машины татварыг нэмэх асуудлыг УИХ-ын чуулганд оруулдаг ч дэмжлэг хүлээдэггүй унадаг. Гурван ч удаа авто машины татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж ирээд дэмжлэг аваагүй. Гэхдээ салбарын яам гар хумхин суусангүй Япон улсын “ЖАЙКА” байгууллагын тусламжтайгаар 1.5 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотод ямархуу метро байгуулах нь түгжрэлийг бууруулах гарц болох вэ гэдгээр судалгаа хийлгэж байгаа. Мөн Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод гүүрэн гарц зургааг барина.  Сүүлийн жилүүдэд авто машины импорт өссөн, сард хилээр 6500-7000 авто машин орж ирдэг. Гол төлөв хуучин авто машин байдаг нь нэг талдаа осол аваар гарах үндэс болж буйн зэрэгцээ бусад сөрөг үр дагавруудыг нэлээд хэмжээгээр дагуулах болсон. Тиймээс авто машины түгжрэлийг бууруулъя гэвэл татварын орчноор нэг талдаа тэмцэл хийж байж асуудлыг шийдвэрлэх гарц байгааг онцолсон юм. Ер нь ч энэхүү асуулгаас харахад Монгол Улсын авто зам хөгжлийн хурдыг гүйцэхгүй болоо юу гэлтэй. Зарим тоон үзүүлэлтийг харвал Улаанбаатар хотод жилдээ шинээр 19 км авто зам шинээр баригддаг байна. Гэтэл нэг өдрийн дотор нийслэлийнхэн 5000 авто машины дугаар шинээр худалдан авдаг гэсэн сонирхол татах мэдээлэл байх аж. Дээр нь үндэсний компаниуд авто замынхаа чанарт анхаарахгүй бол бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж буй энэ үед хүнд даацын авто машинууд ачаа тээвэрлэлт хийхээс аргагүй болж, барьсан авто зам дээгүүр нь явангуут өнөөх нь эвдэрдэг. Тэгсэн атлаа авто зам дээгүүр явсныхаа төлөөсөнд жилдээ 100 гаруй мянган төгрөг л татвараар төлдөг. Уг нь хүнд даацын эдгээр машинуудад ногдуулдаг татварыг нэг сая хүртэл төгрөгөөр тогтоочихвол Авто замын санд төвлөрөх хөрөнгө нэмэгдэнэ. Түүнийгээ эргүүлээд чанартай авто зам барихад зарцуулдаг болчихвол “Чанаргүй авто зам баригдаж байна” гэдэг шүүмжлэлээс нэг талдаа салж, нөгөө талдаа авто замын чанарт ахиц гарах аж. Тиймээс хүнд даацын авто машинуудад ногдуулах татварын хэмжээг нэг сая төгрөгт хүргэх асуудлыг Засгийн газар дахин оруулж ирж УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол болохгүй болжээ гэдгийг гишүүд энэ үеэр хөндөөд авлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж