Д.Сумъяа Самаогоос хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа Самаогоос хүрэл медаль хүртэв

1962 онд Шинэ Зеландаас тусгаар тогтносон Номхон далайн өмнөд хэсэгт орших Самоа хэмээх арал улсын нийслэл Апиа хотод жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж буй тус тэмцээнд 37 орны 106 эрэгтэй, 68 эмэгтэй жүдоч өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас гурван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн хүнд, эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн барилдаанууд болж, манай бөхчүүдээс тав нь барилдсанаас дөрөв нь хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ганц нь л медаль авав.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д "Хилчин"-ий тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Австралийн бөхөд хожигдсон ч АНУ, Хятадын бөхчүүдийг ялан хүрэл медалийн болзол хангасан байна. Энэ нь түүний Дэлхийн цомоос авч буй тав дахь медаль нь юм. Өнгөрсөн жил Ташкент, Сүвон, энэ жил буюу саяхан Улаанбаатар, Алматыгаас хүрэл медаль авсан билээ. IJF-ийн чансаанд 212 оноотойгоор 40 дүгээр байрт бичигдэж буй тэрээр Самоагаас хүрэл медаль хүртэн, 40 оноо нэмснээр гурван байр урагшлах нь. Энэ жинд 264 оноотойгоор 34-рт эрэмбэлэгдэж байгаа Т.Баттөгс Самоагийн Дэлхийн цомын эхний тойрогт Их Британийн жүдочид торгуулиар ялагдав. Т.Баттөгсийн хувьд олон улсын тэмцээнүүдэд хийсэн барилдааныг нь харахад үнэлгээ бараг алдахгүй байгаа нь сайшаалтай боловч өөрөө мөн үнэлгээ авч чадахгүй, голдуу торгуулиар хожигддог дутагдал нь засрахгүй хэвээр.

+100 кг-д Намсрайжавын Батсуурь
Их Британийн бөхийг ялж, Исландын бөхөд хожигдоод торгуульд Шинэ зеландын жүдочийг ялсан ч хүрлийн төлөө Хятадын Ван Хаод ялагдлаа. Монголд болсон Дэлхийн цомд Батсуурь залуучуудын дэлхийн аваргын мөнгөтэй энэ хятадыг ялж байсан юм. Энэ жилийн УАШТ-д түрүүлснээсээ хойш олон улсын тавцанд барилдах болсон Н.Батсуурь энэ хугацаанд чансааны 136 оноо цуглуулж, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд 52-рт орж ирсэн. Самоад 5-р байрт орж, 20 оноо авснаар түүний байрт өөрчлөлт гарахгүй.

90 кг-д барилдсан Эрдэнэбилэгийн Энхбат Австралийн Якуб Савчукийг ялж, Их Британийн Уинстон Гордонд хожигдоод торгуульд Украины Роман Гонтюкийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын Жэкоб Ларсенд дийлдлээ. Чансаагаар жиндээ 234 оноотойгоор 38-д байгаа Энхбатын хувьд 30 орчимд бичигдэж чадвал олимпийн эрх авчих магадлалтай юм. Эрэгтэйчүүдийн эхний 22 олимпийн эрх авах ба 90 кг-д Япон, ОХУ, Узбекистан, Бразил, Украин зэрэг орны бөхчүүд тогтоогдсон бүст хоёр болон түүнээс дээш тоогоор орсон байгаа бөгөөд яг одоогийн оноогоор тооцоо гаргавал 31-рт эрэмбэтэй Кыргызстаны Чингиз Мамедов олимпийн эрх авахаар байна. Э.Энхбат Самоагаас 20 оноо авч, 35 руу ахих болжээ.

81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар Фижигийн бөхийг ялж, Канадын бөхөд хожигдон торгуульд Австралийн Брент Айверсоныг буулган аваад хүрэл медалийн төлөө барилдаанд Туркийн Ахмет Сарид гурван торгууль буюу вазари үнэлгээгээр дийлджээ. О.Ууганбаатарын хувьд олимпийн эрх авахын тулд мөн л жиндээ 30 орчимд эрэмбэлэгдэх ёстой. Олимпийн эрхийг одоогийн оноогоор олговол 31-д 320 оноотой байгаа Бельгийн Йоахим Боттьеу сүүлийн буюу 22 дахь эрхийг авах бөгөөд Ууганаа 180 оноотойгоор 50-рт эрэмбэтэй буй юм.

Самоагийн Дэлхийн цомын хоёр дахь өдөр +78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд барилдана. +78 кг-д 19 дэх жүдоч (Германы Францишка Кониц 458 оноотой) олимпийн эрхийн бүст багтаж байгаа ба Д.Цэрэнханд гавьяат 321 оноотойгоор 26-рт эрэмбэлэгдэж буй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж