“Аль, алинд нь квот тусгавал зөвшөөрнө”

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

“Аль, алинд нь квот тусгавал зөвшөөрнө”

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өчигдөр “Эмэгтэйчүүд- Хөгжлийн төлөө 2011” форумыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо бүрийг төлөөлсөн 1000 эмэгтэй уг форумд оролцсон бөгөөд тэд УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг хэрхэн тусгах асуудалд нэлээд анхаарлаа хандуулж байлаа. Форумын үйл ажиллагаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд үг хэлсэн бол эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Бадамсүрэн, Р.Буд, Б.Бат-Эрдэнэ нар оролцохоор ирсэнд эмэгтэйчүүд талархаж, алга ташин баяр хүргэж байв. Эмэгтэйчүүдийн гол сэдвийн нэг болгон хэлэлцсэн квотын асуудлаар Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Энхсайханаас тодруулсан юм.

-Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны форумд оролцож байгаа эмэгтэйчүүд Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг оруулах талаар санал бодлоо хэлцгээж байна. Мөн “Эмэгтэйчүүд чадна” уриан дор хэвлэл, мэдээллийн 45 хоногийн аян өрнүүлээд үндсэндээ төгсгөлийн шатандаа орлоо. Аяны ажлын үр дүн ямар байгаа вэ?

-Аяны зорилго юу байв гэдгээс яриагаа эхэлье. Шийдвэр гаргах төвшинд байж болох чадварлаг эмэгтэйчүүдийн өөрсдийн нүдээр олж харсан нэг асуудал байдаг юм. Энэ асуудлыг өөрсдийн гэсэн аргаар шийдэх шийдэл байна гэдгийг олон нийтэд таниулахыг хүссэн. Нөгөө талаас бүх шатны шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд оролцох хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Энэ бол нийгмийн захиалга юм гэдгийг олон нийтэд мөн ойлгуулах зорилт тавьсан. Аян маань амжилттай болж үндсэндээ өндөрлөж байна. Аяны хугацаад маш олон асуудлыг хөндөж тавилаа. Олон гарц, шийдлийг иргэд, сонгогчдод ойлгуулсан гэж үзэж байгаа. Аяны хүрээнд хийсэн судалгаанаас үзэхэд цагаа олсон, амжилттай хэрэгжсэн ажил байлаа гэдгийг харууллаа. Хэвлэл, мэдээллийн аян байсан гэдгээрээ онцлогтой байсан. Эмэгтэйчүүдийн асуудлыг хэвлэл, мэдээллээр олон нийтэд хүргэлээ. Сэтгүүлчид эмэгтэйчүүдийн олон асуудлыг хөндөж олон нийтэд хүргэлээ.

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин квотын асуудал хараахан орж ирсэнгүй. Аян дуусахаас өмнө орж ирж амжихгүй ч байж мэдэхээр байна. Гэхдээ найдлага байгаа. Эрхэм гишүүдэд хандаж юу хэлэх вэ?

-УИХ-ын зарим гишүүнд жаахан буруу ойлголт байна. Квот гэхээр эмэгтэйчүүдэд илүү эрх олгож эрэгтэйчүүдийн эрхийг зөрчих гэж байна гэсэн ойлголт харагдаг. Гэтэл энэ бол тийм биш. Квот гэдэг бол түр тусгай арга хэмжээ буюу дефакто арга хэмжээ гэж үздэг. Эрх нь зөрчигдөж, хоцрогдож байгаа хэсэгт давуу байдал олгох гэсэн үг биш. Аль аль талыг нэг гараанаас эхлүүлэх аргыг хэлдэг. Квот бол Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн хавар батлах явцдаа улстөрчдөөс бидэнд амласан амлалт юм. Жендэрийн тэгш байдлыг хангах хууль батлахдаа Сонгуулийн хуульд квот оруулна гэж амласан. Квотыг эхлүүлэхдээ 15 хувь гэж байсан. Одоо 20 хувь гэж ярьж байх шиг байна. Гэхдээ энэ бас хангалттай хувь биш. УИХ-ын 2008 оны сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 18,3 хувь эмэгтэйчүүд байсан. Тэгэхээр 15 хувь гэдэг бол ухралт, 20 хувь хангалттай биш.

НҮБ-ын индэр дээрээс амласан Мянганы хөгжлийн зорилтуудын гурав дахь зорилтын гурав дахь хэсэгт заасан 30 хувь гэсэн амлалтыг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд хүчин чармайлт гаргах байх гэдэгт итгэлтэй байна. Зорилтыг хэрэгжүүлэх 2015 он хүртэл ганцхан сонгуулийн хугацаа үлдсэн. УИХ-ын 2012 оны сонгуулиар энэ амлалтаа биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа. Үлдсэн хэсэг бол УИХ-ын гишүүдээс шалтгаалж байна.

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх 2012 оны сонгуульд 15-20 хувь гэдгээ тусгаад, 2016 оны сонгуулд 30 хувьд хүргэх зорилтоо хамт хуульдаа оруулж болох юм гэж байсан. Хууль ингэж гарвал яах вэ?

-Ийм байж болно. Гэхдээ Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дүнгээ гаргана. Мөн одоо 15-20 хувь гэж ярж байгаа квот 48:28 гэсэн суудлын хуваарилалтад яаж тусах вэ. Мажоритар, пропорционалийн аль аль дээр ярьж байна уу. Хэрэв тэгвэл зөвшөөрч болно гэж хэлмээр байна. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж