Ази, Европыг холбосон хамгийн дөт зам

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Ази, Европыг холбосон хамгийн дөт зам

Монгол Улсын Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, Хэнтий аймаг болон БНХАУ-ын Шилийн гол аймаг, Жинжоу, Фүшинь, Хулудао болон Таншань хотын хооронд эдийн засгийн хөгжил, харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Ази Европыг холбосон шинэ гарц”-ын дэд бүтцийг бүтээн байгуулах талаар харилцан санал солилцох зорилго бүхий “Найман талт хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ын гурав дахь удаагийн уулзалт БНХАУ-ын Шилийн гол аймаг болон Жинжоу хотод өнгөрөгч аравдугаар сарын 26-31-нд боллоо.

Чуулга уулзалтад Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн Ч.Улаан, БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд  Зүүн бүсийн зөвлөлийн дарга Ц.Жанлав, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ЗТБХБЯ-ны Тээврийн бодлогын газрын дарга Н.Нямдаваа тэргүүтэй төр засгийн болон бизнесийн салбарын төлөөлөгчид, БНХАУ-аас Шилийн гол аймаг, Жинжож, Фүшинь, Хулудао, Таншань хотын дарга нар болон холбогдох  албаны хүмүүс оролцсон байна.

Уулзалтын үеэр “Ази, Европыг холбосон шинэ гарц”-ын дэд бүтцийг бүтээн байгуулах талаар харилцан санал солилцоход, Монгол Улсын УИХ, Засгийн газраас төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Зүүн бүсийн босоо тэнхлэгийн авто зам, 2013 онд БНХАУ-ын Зүүн-Хатавчийн боомтыг төмөр замаар бүрэн холбох, одоо холбогдоод байгаа авто зам зэрэг асуудлууд нь олны анхаарлыг татаж байлаа. Энэхүү Ази, Европыг холбосон шинэ гарц нь Монгол улсын хувьд Чойбалсан хотоос Бичигтийн боомт дамжин далайд гарах хамгийн дөт зам буюу Улаанбаатар-Замын-Үүд-Тяньжин хүрэх замаас 600 км, Чойбалсан- Манжуур-Далэн боомт хүрэхээс 885 км ойр, түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт нь далайд хүрэх хамгийн ойр цэг гэдгийг талууд онцолж байлаа. Мөн өдрөөс өдөрт нэмэгдэж буй дэлхийн эдийн засгийн даяарчлал, уул уурхай хөгжил, транзит тээвэр, хоёр улсын гадаад худалдаа, бүс нутгийн хөгжил зэрэг олон хүчин зүйл уг гарцын давуу гэдгийг илтгэж байв.

Уг чуулга уулзалтын үеэр БНХАУ, Монгол Улсын бүс нутгийн эдийн засаг, харилцаа хамтын ажиллагааны найман талт чуулга уулзалтын санамж бичиг болон бусад хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү чуулга уулзалтыг Монголын талаас Сүхбаатар аймаг, БНХАУ-ын талаас Шилийн гол аймаг хамтран зохион байгуулсан байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж