Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2008-2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 107-д “Монгол Улсын Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах” эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг боловсруулах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-д “иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэтгэлийн бодлого явуулна” гэж тус тус заасан нь хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлага болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг эдэлнэ гэж заасан. Үндсэн хуульд заасан энэхүү эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан юм.     

Уг хуулиар хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль төрөөс батлан гаргах, төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, түүнчлэн олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байхыг хуульчилсан нь чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцааг бүрдүүлсэн ач холбогдолтой.

Монгол Улсад өнөөдөр 140 орчим сонин, сэтгүүл, 24 телевиз, 20 гаруй радио болон төрөл бүрийн цахим сонин  мэдээ, мэдээлэл цацан үйл ажиллагаа явуулж, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангаж байна. Мэдээлэл даяаршиж буй эрин зуунд мэдээлийн хэрэгслийн хамрах хүрээ, цацалтын хэлбэр, нэр төрөл, үйл ажиллагаа нь олон талт болж хууль, эрх зүйн нарийн зохицуулалтыг шаардаж эхэллээ. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих төрийн ба эдийн засгийн цензурын хэлбэрүүд янз бүрийн арга замаар илрэх боллоо.

Тухайлбал:

Төрийн байгууллага, төрийн эрх бүхий өндөр албан тушаалтан, өөрсдийн буруутай үйлдлийг нуун дарагдуулах, нэр төр, алдар хүндтэй холбоотойгоор нэр төрөө сэргээлгэх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг шүүх, цагдаагаар сүрдүүлэх явдал даамжирч байгааг судалгаа харуулж байна. Мөн Монгол Улс 2010 онд “Фрийдом хаус” олон улсын байгууллагын судалгаагаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж тооцогдсон байна.  

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн нөлөөнд автаж, нэг талаас захиалгат нэвтрүүлэг, реклам захиалагчид, нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагад хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшдэг эздийнхээ эрх ашигт үйлчилж, хараат бус байдлаа алдахад хүрээд байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй зэрэг нь тулгамдаж буй асуудал болж байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь хэвлэл мэдээллийн хурдацтай хөгжил, нийгмийн харилцааны өнөөгийн хөгжлийг бүрэн зохицуулж  чадахгүй байгаа нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хангаж чадахгүйд хүрээд байна.  

Иймээс Үндсэн хуулиар тунхагласан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нэг талаас баталгаатай хангаж, нөгөө талаас хариуцлагатай хэрэгжүүлж, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага гарч байна.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

    Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана.

  1. Хуулийн зорилт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тухай;
  2. Монгол Улсын иргэн бүр аливаа нэгэн ялгаварлан гадуурхалтаас ангид, төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс дарамт шахалтгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илэрхийлсэнтэй холбоотойгоор хариуцлага хүлээхгүй байхаар тусгана.

 1999-2009 онд нэр төр, гүтгэлэг доромжлолтой холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний болон эрүүгийн 664 хэргийн 37,7 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг хэрэг байна .Глоб интернэшнл ТББ “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2010”

3.Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан захиргааны акт гаргах буюу үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглох, түүнчлэн хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтан бий болгохыг хориглосон одоогийн зохицуулалтыг хэвээр хадгална.

4.Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн эзэмшилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглож, төрийн байгууллагын хэвлэн нийтэлж болох мэдээ, мэдээллийн төрлийг тусгана.

5.Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын үйл ажиллагаа төрөөс болон үүсгэн байгуулагч, эздээсээ бүх талаар хараат бус, бие даасан байхаар тусгана.

6.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний редакц, сэтгүүлч болон бусад ажилтнууд мэдээллийн нууц эх сурвалжийг задруулахгүй байх үүрэг хүлээхээр тусгана.

7.Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг хангах үүднээс өөрийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчийн өмчлөлийн хувь хэмжээний талаар олон нийтэд мэдээлж байхаар тусгана.

8.Хэвлэл мэдээллийн хараат бус, өөрийгөө зохицуулах тогтолцоо бүрдүүлэх зорилготой хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлтэй байхаар тусгана. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын ёс зүйн дүрэм, редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан гомдлыг хүлээн авч дүгнэлт гаргадаг байхаар зохицуулна. Цаашлаад гомдол гаргагчийн гомдлыг залруулга, уучлал нийтлэх бусад хэлбэрээр барагдуулж байхаар тусгана.

9.Төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой этгээд өөрийн харъяанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулвал татан буулгах болон бусад зөрчлүүдэд торгуулийн арга хэмжээ авахаар тусгана.   

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нийгмийн харилцаанд уялдуулан, зохицуулж чадахуйц хэмжээнд баталгаажуулна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилэн найруулснаар дараах үр дагавар гарна.

  1. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөө баталгаажина.
  2. Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх, үүрэг, хариуцлагын эрх зүйн баталгаа бий болно. 
  3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээ, мэдээллийн агуулга төрийн байгууллага, албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллагын өмч эзэмшигчдээс хараат бус, иргэдэд үнэн зөв, бодитоор хүрнэ. 
  4. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны мэргэжлийн алдаатай холбоотой гомдлыг шүүхийн шатнаас өмнө урьдчилан хянан үзэж, дүгнэлт гаргадаг олон талын төлөөллөөс бүрдсэн хараат бус зөвлөлтэй болно. Уг зөвлөл гомдол гаргасан этгээдийн гомдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулга, уучлал хэлбэрээр нийтэлдэг байх улмаар хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.    

Дөрөв. Төсөл нь Монгол Улсын бусад хуультай хэрхэн уялдах, цаашид нэмэлт,  өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаархи санал

    Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хууль, Иргэний хуульд өөрчлөлт оруулна. Мөн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг хүчингүй болгохоор Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулна.

Хууль санаачлагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж