
Европын холбооны дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Хятадын 12 дахь
удаагийн таван жилийн төлөвлөгөө, Европын 2020 он хүртэлх стратегийн
зорилтын талаар хэлэлцсэн гэдэг утгаараа энэхүү уулзалт нэлээд анхаарал
татах болжээ. Тэдний зорилтот хөтөлбөрт эдийн засгаа хөгжүүлэх, инноваци
хийх зэрэг олон адил зүйл тусгагдсан тухай албаны төлөөлөгчид мэдээлсэн
байна. Европын холбооны хувьд хүн амын 75 хувийг бүрдүүлж буй 20-64
настнуудыг ажилтай болгох, дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг
судалгаа, шинжилгээний ажилд зориулах, хүлэмжийн хийг 1990 оны
үеийнхтэй адил түвшинд хүргэж багасгах, ингэхийн тулд дахин сэргээгдэх
эрчим хүчийг өргөнөөр ашиглахыг зорьж байгаа аж. Түүнчлэн ядуусын тоо 20
саяар нэмэгдэх гэж байгаа нь Европын холбоо төдийгүй Хятадын хувьд
тулгамдсан томоохон асуудал болжээ. Сургууль завсардсан хүүхдийн тоо
мөн л өсч байгаа. Хоёр тал иймэрхүү нарийвчилсан зүйлсийг шийдвэрлэхийн
тулд дунд түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй байгааг
Хятадын Олон улсын эдийн засгийн төвийн ерөнхий захирал Вэй Зянгуо
мэдээлжээ.
Үнэн хэрэгтээ Европын холбоо, Хятадын хамтын ажиллагаа
дээрх зүйлсээр хязгаарлагдахгүй. Эдийн засаг нь хүнд байдалд орж, өрийн
хямралд автаад байгаа Евро бүсийн эдийн засагт Хятадын дэмжлэг зайлшгүй
хэрэгтэй болчихоод байна. Өмнө нь Европын санхүүгийн тогтвортой байдлын
санд хөрөнгө оруулахаа амлаад байсан Хятадын Засгийн газар Грекийн улс
төр тогтворгүй болохтой зэрэгцээд хэлсэн үгнээсээ ухарсан юм. Грекийн
Ерөнхий сайд дахин зээл авах эсэхээ ард түмний санал асуулгаар
шийдвэрлэнэ гэсэн нь Хятадын талын байр суурийг өөрчилжээ. Тэд “Эхлээд
Грекийн асуудлаа шийдчих” гэж. Гэвч тус улсын Ерөнхий сайд Жорж
Папандреоу сөрөг хүчнийхэнтэйгээ хамтран эвслийн Засгийн газар байгуулж,
ард түмнийхээ санал, дэмжлэгийг авах оролдлого хийснээр Грекийн
хурцадмал байдал түр ч болов намжсан юм. Одоо Хятад туслах болов уу
гэтэл бас тэгсэнгүй. Хятадын Гадаад хэргийн яамнаас “Италийнхаа учрыг
олчих” гэх маягийн зүйл өчигдөр мэдэгджээ.
Эдийн засгийн
хэмжээгээрээ Евро бүсэд гуравдугаарт ордог Италийн Засгийн газрын бондын
хүү 7.25 хувьд хүрч, сүүлийн 15 жилд байгаагүй дээд амжилт тогтоосон.
Нийт өр нь 2.6 их наяд ам.доллар. Юун Грек, Ирланд, Португаль.
Тэднийхээс хол давсан их өртэй италичууд нүүр тулж байна. Гэхдээ Евро
бүсийн хямрал Хятадын эдийн засагт маш сөргөөр нөлөөлөх юм. Хятадын
худалдааны хамгийн том хамтрагч нь Европын холбоо. Хэдийгээр өнгөрсөн
сард Хятадын экспорт 15.9 хувиар өссөн боловч энэ нь “Bloomberg”-ийн
шинжээчид 16.1 хувь хэмээн таамаглаж байснаас харьцангуй бага гарсан
үзүүлэлт юм. Хятадын хувьд Европын холбоо руу гаргасан экспортын хэмжээ
өнгөрсөн сард 7.5 хувиар буурсан. Үүнээс зөвхөн Италитай хийсэн худалдаа
нь 19 хувиар багасчээ. Харин “Bank of America”-ийн эдийн засагч Тинг Лу
“Хятадын эдийн засгийн хамгийн том эрсдэл нь гадаад талаасаа Европ болж
байна” хэмээн дүгнэсэн байна.
“Wall Street Journal”-д
мэдээлснээр Хятадад түүхий эд экспортлогч томоохон компаниуд Европын
банкуудтай хөрөнгө, зээлийн хувьд хамааралтай аж. Харин Евро бүсийн
хямралаас болж Европын банкууд зээлийн бодлогоо хумьж, хөрөнгө оруулалт
хийхээс болгоомжлох болсон нь эрсдэл дагуулж байгаа юм. Одоогийн
байдлаар Евро бүсийн гол тулгуур нь Герман улс болсон. Хэдийгээр тус
улсын үйлдвэрлэлийн захиалга буурсан боловч экспортын хэмжээгээр дэлхийд
тэргүүлсэн хэвээр байгаа. Тиймээс цаашид еврогийн тогтвортой байдлыг
хангахын тулд Ангела Меркель боломж бололцоогоо дайчилсаар байх нь
мэдээж юм. Тиймээс түүний хувьд Хятадаас тусламж хүсч, улмаар юаниар
нэрлэсэн бонд гаргаж болно гэдгийг сануулаад байгаа. Ингээд бодоод
үзэхээр Европын холбоо, Хятадын хамтын ажиллагаа аль, алинд нь ашигтай.
Гэвч хүн амынх нь дийлэнх хувь нь ядуу амьдралтай Хятадын төр засаг хаа
байсан чинээлэг европчуудад туслахаар гараа сунгах нь дотоодын нөхцөл
байдлыг нь тогтворгүй болгох аюултай байгаа юм. Тиймээс эхний ээлжинд
дунд түвшний гэрээ, хэлцлүүд байгуулахаар зэхэж байгаа бололтой.
"Улс төрийн тойм" сонин
