Гадаад ажилчдынхаа тоогоор зиндаархдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Гадаад ажилчдынхаа тоогоор зиндаархдаг болжээ

Сүүлийн үед  байсхийгээд л гадаадаас ирж хар ажил хийж байгаа иргэд Монгол ажилчид хоорондоо муудалцаж, зодоон, цохион хийлээ гэх мэдээлэл гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн даваа гарагт нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй барилга дээр ажиллаж байсан Хойд Солонгосын ажилчид Монгол ажилчидтай зодоон хийсэн гэх мэдээлэл гарсан. Тиймээс Монголд байгаа гад­ны ажилчдын талаар мэдээлэл цуг­луулсан юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Гадаад ир­гэдийн хөдөлмөр эрхлэлтийг ха­риуцсан хэлтсээс гаргасан мэдээгээр жил бүр манай улсад ирж ажил хийж буй гадаадын иргэдийн тоо өсч байна. Гэхдээ энэ бол бүртгэлтэй хүмүүсийн тоо шүү дээ. Бүртгэлгүйгээр хилээр хэдэн хүн орж гардгийг хэн ч мэдэхгүй.  Өнгөрсөн оны байдлаар 68541 гадаад иргэн манайд ажиллаж байсан бол өнөө жил энэ тоо 96920 болтлоо өссөн байна. Уул уурхайн салбарт ажиллагсдын тоо хамгийн өндөр байснаа энэ жилээс барилгын салбарт ажиллах гадны ажилчдын тоо өссөн дүн гарчээ. Мөн Хойд Солонгосоос ирж ажиллагсдын тоо өссөөр байна.  Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудаас нь доорх тайлбарыг авсан юм.

Ц.ЭРДЭНЭБААТАР: ГАДААД АЖИЛЧИДТАЙ КОМПАНИУД УЛСАД САР БҮР МӨНГӨ ТУШААДАГ

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатараас дараах асуултад хариулт авсан юм.

-Сүүлийн жилүүдэд манай улсад ажиллах гадны ажилчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнийг томоохон компаниуд бага зардлаар өндөр орлого олохын тулд хийж байгаа зүйл гэж ойлгож болох уу?

-Хэдэн жилийн өмнөхтэй харь­цуулахад өнөөдөр томоохон ком­паниуд  нарийн мэргэжлийн ажилт­нуудаа сард 4-5 сая төгрөгөөр ца­лин­­жуулж байгаа. Эдийн за­саг өсөхийн хэрээр хувийн хэвш­лийнх­ний үйл ажиллагаа дагаад өсөж байна. Энэ хэрээр ажилчдынхаа цалинг ч нэмж байгаа юм. Гэтэл өнөөдөр ажил олгогч эздийн тавьж буй шаардлагыг хангахуйц мэргэшсэн, ажлыг чанартай хийх ажиллах хүчин манайд хараахан бэлэн болоогүй байна. Бие биенээсээ өрсөж ажиллаж байгаа компаниудад бизнесийнхээ үйл ажиллагааг алдахгүйн тулд хөдөлмөрийн зохион байгуулалтад орсон хүмүүс хэрэгтэй байгаагаас л гадаад ажилчдын асуудал урган гарч байна. Тухайлбал, ажлын байрныхаа дэргэд байрлаад цагтаа ажилдаа ороод дуусгадаг хүмүүстэй байх нь тухайн компанийн өрсөлдөх чадварыг илтгэж байгаа юм. Үүнд бага зардал гаргадаг гэдэгтэй санал нийлэхгүй байна.

-Яагаад санал нийлэхгүй гэж?

-Гадаадаас ажиллах хүч оруулж ирснийхээ төлөө тухайн компани нэг хүний ажлын байрны төлбөр гэж өнөөдрийн байдлаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэхүйц буюу 280800 төгрөг улсад төлж байна. Энэ мөнгөөр өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 90 орчим хувийг бүрдүүлж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг сард Монголд ажиллуулахын төлөө дээрх төлбөрөөр ажилгүй байгаа монголчуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Гадаадаас ирж байгаа ажилчид хэзээ ч 100-150 мянган төгрөгийн цалинтай ажил хийхгүй. 350-500 мянган төгрөгөөр туслах чанарын ажил хийж байна. Мөн байр, хоолоор хангаж байгаагаас нь харахад ажил олгогчид бага зардал гаргаагүй байгаа биз. Гэтэл монголчууд дураараа аашилж, ажил цалгардуулдаг, бүтээмж муу байдаг болохоор дээрх шалгуурт тэнцэхгүй байгаа юм.


Х.АМГАЛАНБААТАР: ХАРААР АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛЧДАД ТАВИХ ХЯНАЛТ СУЛ БАЙГАА

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ асуудлын талаар доорх хариултыг өгсөн юм.

-Ажилгүй монголчууд болон Монголд ажил хийж буй гадны ажилчдын тоо зэрэг шахам л өсөөд байна. Гэтэл Монгол хүний хийх ёстой ажлыг гадны хүнд өгснийхөө төлөө ажил олгогчид нь ажилгүй монголчуудад зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө өгдөг хэмээн ам таглаж байна. Энэ хэр шударга асуудал вэ?

-Монгол хүний хөдөлмөр эрхлэл­тийг хамгаалсан бодлогыг Засгийн газ­раас хэрэгжүүлэх үүрэгтэй. Гаднаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг Хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулж байгаа. Энэ хуулийн хү­рээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан­гийн орлого гаднаас ирж ажиллаж байгаа хүний ажлын байрны төлбөр, улсын төсөв гэсэн хоёр эх үүсвэрээс бүрдэж байгаа юм. Ер нь гадаадаас ажиллах хүч авна гэдэг нь Монгол хүний ажлын байрыг цөөлж байгаа  нэг хэлбэр юм. Олон улсын жишгээр нарийн мэргэжлийн болон онцгой чадвар бүхий хүмүүсийг л богино хугацаанд авч ажиллуулдаг. Харин манайд бол эсрэгээрээ захын Монгол хүн хийж чадах ажлыг гаднынхнаар хийлгээд байгаа юм.  

-Бүртгэлтэй ажилчид нь төл­бөр төлүүлдэг юм байж. Гэтэл бүрт­гэлгүй орж ирж байгаа хүмүүсийг яах вэ?

-Энэ асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан төрийн агентлаг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар бүрэн хяналтдаа байлгах ёстой. Хараар ажиллагсдыг буцаалаа гэдэг мэдээллүүдээс дээрх газрууд ажлаа хэрхэн хийдгийг дүгнэж болох л юм. Ерөнхийдөө хяналт сул байна гэсэн үг.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж