
Үнэн хэрэгтээ гишүүд өөрийнх нь биш улсын төсвийн нэг тэрбум төгрөгийг тойрогт нь хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан гэдгийг мэдэж байгаа юм. Ямартай ч 2009-2012 онд нэг гишүүн 3.5 тэрбум төгрөгийг тойрогтоо хуваарилуулан авахаар байна. Тодруулбал, 2009 онд 500 сая төгрөг, 2010, 2011 онд тус бүр нэг тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын ажилд зарцуулахаар хуваарилан авсан. Харин ирэх онд дахин нэг тэрбум төгрөг хуваарилуулснаар нийт 3.5 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 2009, 2010 онд “Гишүүдийн нэг тэрбумын багц” гэсэн нэрийн дор мөнгө хуваарилж байсан билээ. Харин өнгөрсөн оноос эхлэн нэг тэрбумын багц гэж батлахаа болиод нэг тэрбум төгрөгийг ямар, ямар ажилд зарцуулах тухай саналыг нь авдаг болсон. Гишүүдийн дунд “Өөрийнхөө мөнгийг тойрогтоо зарцуулсан юм шиг ярьдагаа болих хэрэгтэй” гэсэн саналтай хүн мэр сэр байгаа юм билээ.
Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд гишүүд нэг тэрбум төгрөгийг ямар, ямар ажилд зарцуулах саналтай байгаагаа Сангийн яаманд илгээсэн байгаа. Харин тэрхүү саналыг нь үндэслээд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай ажлуудыг сайд нарын багцад тусгаж байгаа ажээ. УИХ-ын зарим гишүүнээс ирэх оны төсөвт нэг тэрбум төгрөгөөр чухам ямар, ямар ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр саналаа өгснийг нь тодруулсан юм. Гишүүдийн зарим нь нэг тэрбум төгрөгт багтаан санал хэлсэн бол түүнээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийх саналтай байгаа хүн ч байгаа юм билээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Тойрогтоо яг нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн асуудал бол байхгүй. Миний хувьд 18 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулъя гэсэн санал өгсөн. Сургууль, цэцэрлэгийн барилгаас өгсүүлээд барилгын ажил нь эхэлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг бүгдийг нь дуусгахад зарцуулах мөнгийг тусгасан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийн өргөтгөлийг дуусгах, Дарьганга, Эрдэнэцагаан суманд соёл, спортын цогцолбор байгуулах, Онгон суманд спорт цогцолбор байгуулах гээд их олон санал бий. Тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулах хөрөнгө, мөнгийг ч тусгасан” гэлээ. Харин Д.Дамба-Очир гишүүн “Ийм, ийм санал оруулъя гээд тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын саналаа өгсөн. Ямар ч байсан ахмадуудын байр, соёлын ордон, гэр хорооллын дундах жижиг замуудыг засах гээд олон ажилд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа. Миний хувьд заавал нэг тэрбум төгрөгт багтаана гэлгүйгээр саналаа өгсөн. Гишүүд ч өөр, өөрийн саналаа өгч байгаа байх. Би төсвийн төсөл дээр ажиллаж байгаа. “Хуучин шиг саналаа тэрбум төгрөгт багтаагаад оруулаад ир”, “Энэ миний нэг тэрбумын багц. Би ийм, ийм санал оруулна” гээд гүйгээд байгаа юм бол алга” гэлээ. Мөн Д.Тэрбишдагва гишүүн “УИХ-ын гишүүд “Миний нэг тэрбум төгрөг” гэж ярьж байгаа нь авлигын нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, улс төрийг худалдаж авч байна гэсэн үг. “Гишүүний нэг тэрбум төгрөг” гэж их ярьдаг болж. Гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч “Тойрогтоо төдөн төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн” гэж ярих нь зохимжгүй. Миний хувьд нэг тэрбум гэлгүйгээр “Тойрогт маань ийм, ийм ажилд хөрөнгө оруулах шаардлагатай” гэсэн санал өгсөн. Харин 76 тэрбум төгрөгийг орон нутаг өөрсдөө захиран зарцуулах ёстой” гэлээ.
"Улс төрийн тойм" сонин
