
Хөрөнгө бэлтэй айлын хүүхдүүд, нэр алдартнууд, ганган дэгжин залуу охид, бүсгүйчүүдийн орох дуртай “Метрополис” шөнийн цэнгээний газар өчигдөр хаалгаа нээлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос эхлэн тодорхой бус шалтгаанаар хаалгаа барьсан тус клубээр дуучин М.Нара, Э.Агиймаа, Киви хамтлаг, Монголын мисс, загвар өмсөгчид болон эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн эрх хүүхдүүд байнга үйлчлүүлдэг. Хар тамхины асуудлаас болж хаагдсан гэж хэвлэлүүдээр бичигдсэн уг клуб бараг сар шахам хугацаанд хаалттай байсан бөгөөд өчигдрөөс хаалгаа нээж, хэвийн үйл ажиллагаандаа орлоо. Тус клубыг хаалттай байх хугацаанд транс хөгжмийн хэмнэлд мансуурч, наргиж цэнгэх дуртай залуус хотын бусад шөнийн цэнгээний газруудаар хуваагдан хэсч байсан бол “Метрополис” нээгдэж, залуус шавиагаа ханатал бүжиглэж байгаа сурагтай. Хотын залуусын цуглах дуртай энэ клубын хувьцаа эзэмшигчдийн тоонд “АПУ”-гийн захирал П.Батсайхан, “Номин талст”-ын С.Батсүхийн эхнэр нар багтдаг гэсэн.
М.Урин