“Харанга Ресорсез” компани Сэлэнгэ аймагт орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн хайгуулын төсөл дэх эзэмшлийн хувиа 80 хувьд хүргэснээ өчигдөр мэдээллээ. Уг төсөл нь 304 сая тонн төмрийн хүдрийн нөөц бүхий “Ерөө гол” ордоос баруун урд зүгт оршдог. Урьд нь тус компанийн төсөл дэх эзэмшлийн хувь 60 байсан юм. “Сэлэнгэ” хайгуулын төсөл нь 600 км2 нутгийг хамрах бөгөөд Баянцогт, Дунд Булаг, Хүйтэн гол зэрэг гурван хэсэгт нөөцийг тогтоохоор ажиллаж байна. Уг хэсгүүд нь Ерөө гол ордын төмрийн хүдрийн баялаг бүхий бүслүүрийн дагуу оршиж буй учир их хэмжээний төмрийн хүдрийн нөөц илрэх магадлал тун өндөр байгаа юм.
Баянцогт хэсэгт тус компанийн хайгуулын баг нийтдээ 26 өрөмдлөг хийж 26-42 хувийн төмрийн агууламж бүхий хүдэртэй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. “Харанга Ресорсез” компани Баянцогтын ЖОРК нөөцийг ирэх оны эхээр тогтоохоор төлөвлөж буй ажээ.
Монголын төмрийн хүдрийн нөөцийн хувьд, саяхан болж өндөрлөсөн “Metals Mongolia 2011” хурлаар салбарын Сайд Б.Зоригт илтгэлдээ Монголд нийтдээ 660.8 сая тонн төмрийн хүдрийн баталгаажсан нөөцийг тогтоогоод буйг дурдсан юм. Харин таамаг нөөцийн хувьд Монгол улсын хэмжээнд нийтдээ 11 тэрбум төмрийн хүдрийн баялаг агуулагдаж буй ажээ.
Харин дэлхийн хэмжээнд 230 тэрбум тонн төмрийн агуулга бүхий 800 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцийг тогтоожээ.
Б.Төгс