Өнөөдөр аргын тооллын 11-11-11 өдөр буюу юм болгоны эхлэлийг билэгдсэн олон ширхэг 1 зэрэг тохиосон хувьтай сайн өдөр. Эл өдрөөс эхлэн бусаддаа урам хайрлах, эрч хүч бэлэглэх зэрэг үйлст өлзийтэй сайн бөгөөд эдгээрийг үйлдсэн хүний арван цагаан буян нь түм бум болон арвижих болумой.
Хэзээ нэгэн цагт танийг сэтгэл тавгүй ч юмуу шантарсан үед хэн нэгэн таньд урмын үг хайрлахад наран мишээж буй мэт сайхан санагдаж байсан л биз дээ? Бидний амнаас гарах нэг урмын үг нь авч буй хүнийхээ бүхэл бүтэн өдрийг гэрэлтүүлэх чадалтай байдаг тул энэ сайхан мэдрэмжийг бид өдөр бүр Монгол хүн, Монгол хүндээ харамгүй өгж яагаад болохгүй гэж? Монголчууд бид “Бурмаар тэтгэхээр, Урмаар тэтгэ” шүү дээ.
Тиймээс 11-11-11 өдрөөс эхлэн энэ өдөрийг “Монгол Залуусын Клуб”-аас “Урам өгөх өдөр” хэмээн зарлаж , урмыг өдөр бүр Монгол хүндээ харамгүй хэлж байхыг уриалж байна.
Урам өгөх өдөрт хэн ч оролцож болно. Хамгийн гол нь 1 өдөрт наад зах нь 1 хүнд урам өгч, тэтгэж байя. Урмыг өгөх янз бүрийн арга бий. Дэргэдэх хүндээ урмын үг хэлэх эсхүл таньдаг нэгэндээ сэтгэл сэргээх үг хэлэх, огт танихгүй хүний өөдөөс инээмсэглэх зэрэг нь тэдгээр хүмүүст урам болох нь гарцаагүй. Мөн олон нийтийн сүлжээг ашиглан алс холд амьдарч сурч яваа анд нөхөд, хамаатан садан болон шинэ найздаа урам хайрлаж болно.
Энэхүү аянг өрнүүлж дэмжиж оролцож буй залуус бид өнөөдрийн хувьд хамгийн энгийн нэгэн аргаар эх орноо хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа юм шүү! Та эх орон ч хүн, эх орондоо хайртай хүн гэж ямар хүнийг хэлдэг гэж бодож байна даа? Бидний бодлоор эх орон ч хүн гэдэг нь эх орноо чин сэтгэлээс хайрладаг хүнийг хэлнэ. Эх орны хамгийн том баялаг бол тэр орны иргэд, ард түмэн. Тэдгээр нь ухамсартай, соёл боловсролтой, эрүүл энх бол тэр орны хамгийн том баялаг гарцаагүй мөн билээ. Хамгийн том баялагт бид урмаар сэтгэлээр хөрөнгө оруулалт хийж эх орныхоо хөгжил цэцэглэлд хөрөнгө оруулалт хийнээ.
Хэрэв та энэхүү аянг дэмжиж байгаа бол тус аяны тухай найз нөхөддөө уриалах, Facebook, Twitter олоний нийтийн сүлжээг ашиглан хүмүүст урам өгөх, бусад хүмүүсийг өргөнөөр оролцуулахад оролцоно уу?