Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Тэр чигтээ Леонардо

-Лондон хотноо Леонардо да Винчийн бүтээлийг анх удаа нэг дор цуглуулан үзүүллээ-

Лондон хотноо Леонардо да Винчийн уран зургийн үзэсгэлэн нээгдэж зураачийн хадгалагдсан үлдсэн зургуудаас алдартай есөн уран зургийг харуулсан төдийгүй таталбар зургуудынх нь хамт дэлхийн түүхэнд анх удаагаа нэг дор цуглуулан үзүүлж байна. Мөн шавь нарынх нь зургуудаас ч тавьсан байна.

Лондон хотын Үндэсний галарейд “Леонардо да Винчи: Миланы ордны зураач” нэртэй үзэсгэлэн нээгдэв. Энэ нэрийнх нь дагуу XV зууны сүүлчээр Италийн суут зураач герцог Лодовико Сфорцийн Милан хотын ордонд ажиллаж байх үеэр бүтээсэн ажлуудыг нь үзэсгэлэнд тавьсан байна. Үзэсгэлэнд тавих бүтээлүүдийг нь зохион байгуулагч нь таван жилийн турш цуглуулан дэлхийн тэргүүлэх музейнүүдтэй тасралтгүй хэлэлцээр явуулж иржээ. Үзэсгэлэнд Парисийн Лувр, Петербургийн Эрмитаж, Ватиканы пинакотекагийн урын санд хадгалагдаж байгаа зургуудыг ирүүлсэн бөгөөд Галарейд Английн хатан хаан өөрийн цуглуулгаасаа харандаан зургуудын хэсгийг ирүүлсэн байна.

Энэ их нүсэр ажлын үр дүнд үзэсгэлэнг сонирхогчид XV зуунаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн да Винчийн “Литта дагина”, “Үентэй хатагтай”, “Хөгжимчний хөрөг” зэрэг есөн алдарт бүтээлийг нэгэн зэрэг харах боломжтой болж байна.

Галерей суут зураачийн “Жоконда” зургийг үзэсгэлэнд авчрахаар Лувртай тохиролцоо хийж чадаагүй байна. Үүний оронд үзэгчдэд “Хадан цохион дахь дагина” зургийн хоёр хувилбар болон саяхан олдсон “Salvator Mundi” (Дэлхийг аврагч) зургуудыг үзүүлнэ. “Хадан цохион дахь дагина” зургийн нэг нь Үндэсний галарейнх бөгөөд нөгөөг нь Лувраас ирүүлсэн байна. Дашрамд дурьдахад, “Дэлхийг аврагч” зураг 1959 онд дуудлага худалдаагаар дөнгөж 80 ам.доллараар зарагдсан байжээ. Одоо шинжээчид тэр зургийг да Винчийнх гэж нэг мөр баталснаас хойш зураг  200 сая ам.доллараар үнэлэгдээд байна. “Нууцлаг оройн зоог” туурган зургийн оронд хэмжээгээр нь түүний шавь Жампетриногийн хуулбарлан зурсан зураг болон да Винчийн таталбаруудыг тавьжээ.

“Энэ бол түүхэнд байгаагүй үйл явдал. Яг ийм маягийн үзэсгэлэн дахиад давтагдахгүй. Леонардог бүрэн ойлгох боломжийг энэ үзэсгэлэн олгоно” гэж зохион байгуулагч Люк Сайсон хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байлаа.

Суут бүтээлүүдийг нэг дор цуглуулсантай холбоотойгоор мөнгөний сэдэв хөндөгдөж байгаа нь тийм ч чухал биш. Үзэсгэлэнгийн зургуудыг 2,5 тэрбум ам.доллараар даатгуулсан байна. Энд ямар нэгэн гэмт үйлдэл гарлаа гэхэд мөн төдий тооны мөнгийг Британийн Засгийн газар гаргах болно.  Гэхдээ Үндэсний галарейн ажилтнууд нэмэлт төлбөрийн шаардлага гарахгүй гэж үзэж байна. Аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авсан байгаа гэнэ. Харуул хамгаалалтын шаардлагаар харин үзэгчдийн тоог өөрчилжээ. Өмнө нь 230 хүнийг нэг бүлэг болгон оруулдаг байсан бол одоо бол 180 хүнийг нэг бүлэг болгон 30 минутын хугацаатайгаар үзэсгэлэнд оруулж байна. Эрэлт маш өндөр байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын дунд хүртэл бүх тасалбар зарагдсан байна.  Хажуугаар нь галарейн цагийн хуваарийг уртасган амралтын өдрүүдэд ажиллуулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний дүнд үзэгчдийн тоог 20 хувиар нэмэгдүүлж болох ажээ. Үзэсгэлэнгийн нээлтийг кабелийн  Sky Arts 1 телевизээр шууд дамжуулан Английн 40 кинотеатруудад үзүүлнэ. Энэхүү үзүүлбэрийн тасалбарууд ч бүрэн зарагдсан байна.

Леонардогийн уран зургийг энэ үзэсгэлэнгээс өмнө нэг дор үзэх боломж хаана ч байсангүй. Зургууд  янз бүрийн музейд байдаг байсан. Суутны олон бүтээлүүд Лувр болон Флоренцийн Уфицци галарейд байдаг. Оросын Эрмитажид “Литта дагина”, “Бенуа дагина” гэсэн хоёр зураг  нь байдаг.

Леонардо да Винчиийн уран бүтээлийн үзэсгэлэн Лондоны Үндэсний галарейд 2012 оны хоёрдугаар сарын 5 хүртэл ажиллана. Одоо уг үзүүлэнг “жилийн шилдэг үзэсгэлэн” гэж нэрлээд эхэлжээ. Энүүхэндээ гэхэд Холливуд их зураачийг адал явдалт киноны баатар болгохоор шийдээд байна. Universal кино компани суут зураачийн тухай адал явдалт кино хийх гэж байгаа ажээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж