
Уг хуульд “Компанийн төрөл, хэлбэрийг тодорхой болгох, хувьцаат компанийг дотор нь хаалттай, нээлттэй гэж ангилах, мөн толгой болон охин компаниудын хоорондын харилцаа, хариуцлагыг нарийвчлан тусгаж өгсөн нь ямар ололттой вэ гэдэг талаар хэвлэлийнхэд мэргэжлийн байгууллагынхан мэдээлэл өгсөн.
Хувьцаат компани болон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн 1/3-ээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байх хэрэгтэй гэдгийг хуульчлахаар болжээ. Яг үнэндээ өнөөдөр хувийн болоод төрийн өмчит компаниудын дөрөвний нэгийг ч хараат бус гишүүд эзэлж чадахгүй байгаа гэнэ. Ялангуяа төрийн өмчит компанийн ТУЗ-ын даргыг дээрээс томилдог. Хуулиар бол доороос томилох ёстой ажээ. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн дарга хэн байхыг өөрсдөө шийдэх ёстой болохоос Засгийн газар эсвэл Төрийн өмчийн хороо томилох учиргүй аж. Өнөөдөр Монголын төрийн өмчит компанийн ТУЗ-ын даргын асуудлыг Төрийн өмчийн хороо юм уу, Засгийн газраас шийдвэрлэж буй нь худлаа биш. Мөн төрийн өмчийн компанийн удирдлагатай холбоотой асуудлыг нэмж оруулсан бөгөөд компанийн төрөл, хэлбэрт өөрчлөлт оруулах, компанийг байгуулах, бүртгүүлэх ажиллагааг хялбар болгох, компанийн өөрийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаатай холбоотой асуудлыг тусгажээ.
Ногдол ашиг хуваарилах, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг хуралдуулахтай холбогдсон асуудал, Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн эрх бүхий албан тушаалтан, нэгдмэл сонирхолтой этгээд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт, сонирхлын зөрчилтэй хэлцэл, тэдгээрийг хийх журам, компанийн талаар мэдээлэл авах зэрэг нарийн мэдээллийг авахыгш хүсвэл иргэд "Төрийн мэдээлэл" эмхтгэлийг худалдан авч уншихыг зөвлөсөн.
Компанийн тухай хуульд "хувь нийлүүлэгч" гэснийг "хувьцаа эзэмшигч" гэж өөрчилж байгаатай холбогдуулан Иргэний хууль, Хоршооны тухай хууль зэрэг зургаан хуульд өөрчлөлт оруулах бололтой.
Компанийн засаглалын хууль хэрэгжвэл төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, орлого зарлага нь ил тод болохоос гадны авлигын асуудал цэгцлэгдэж, тендер нэрээр төрийн өмчит компаниудад шахаа хийх асуудал байхгүй болно гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа юм байна. Харин иргэдийн хувьд энэ хууль ямар учиртай, юунд зориулагдаж буй талаар ойлголт муутай байгаа, үүнийг ойлгуулах сурталчилгаа ч бага байгаа юм.