Эрдэнэтийн ДЦС-ыг хувьчлахгүй үлдээх үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн ДЦС-ыг хувьчлахгүй үлдээх үү?

Гишүүдийн чуулган дээр уншаад сууж буй өдөр тутмын сонин дээр Д.Одхүүгийн өгсөн “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг хувьчилж авах сонирхолтой хүмүүс бий гэх” ярилцлага гарчээ. Ярилцлагад дурдагд­сан хардлага чуулганы өчигдрийн хурал­дааны үеэр өрнөлөө. 

Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2010 оны хоёрдугаар сарын эхээр баталжээ. Засгийн газрын боловс­руулсан уг төслийн жагсаалтад Эрдэнэтийн дулааны цахилгаан станц байсангүй. Гэтэл Байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад зарим гишүүний санаачилгаар стратегийн объект болох Эрдэнэтийн Дулааны цахилгаан стан­цыг хувьчлах объектуудын жаг­саал­тад багтаагаад авч.

Харин УИХ-ын гишүүн Д.Одхүү өнөөх станцыг уг жагсаалтаас хасах тогтоолын төсөл санаачилсан бөгөөд байнгын хороогоор дэмжлэг авч ийнхүү өчигдрийн чуулганы хуралдаанд орж иржээ. 

Д.Одхүү гишүүний “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг хувьчил­бал, Багануур, Шарын гол, Бэрхийн Дулааны цахилгаан станцын хувьчлал огт амжилттай болоогүй бөгөөд хувьч­лагдсан газруудын олонх нь дампуурч, дөрвөн аймгийн дулааны станцыг төр буцаан авахад хүрсэн учир ийм байдалд хүргэхгүйн тулд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтаас хасуулах сана­лыг гаргаж байна” гэснийг нь Эдийн засгийн байнгын хороо дэмжиж анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хүртэл гаргасан аж.

Хуулийн төслийг дэмжихгүй бай­гаа­гаа илэрхийлж үг хэлсэн гишүүн ч байсан бөгөөд  байнгын хорооны хурал дээр Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг хувьчлах жагсаалтад оруулсан гишүүдийн зүгээс тайлбар хийсэн байна.

Энэ асуудлыг “улс төржүүлж” буй нь Д.Дамба-Очир гишүүнд “эмзэглүүлж” буй бололтой. Тэрээр “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг намайг хувьдаа авах гэж байгаа юм шиг мэдээлэл өгөх хэрэггүй байх шүү. Тэгээд ч би ашиггүй ажилладаг станцыг ямар шалтгаанаар авдаг юм” гэв. Түүний үг эхэнд дурдагдсан Д.Одхүүгийн ярилцлагад хариулсан тайлбар байдлаар үргэлжлэв.

Гэвч тайлбар гишүүн Д.Одхүүгийн хувьд “өдөөн хатгалт” байсан бололтой. Тэрээр “Уг бид 76 нэгнийгээ ингэх утгагүй л дээ. Би албан ёсны ямар ч хурал дээр Эрдэнэтийн Дулааны цахил­­гаан станцыг Д.Дамба-Очир гишүүн­тэй холбож яриагүй. Харин таныг энэ талаар ярьж асуусан болохоор хэлчихье. Та “мах алга болчихлоо” гэхэд “юун гуя” гэдэг шиг юм ярилаа. Уг нь та ийм юм асуух хэрэггүй байсан юм. Нэгэнт асуусан учраас би гарцаагүй байдалд орж хариулъя. Ер нь Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг хувьчлах сураг гарахтай зэрэгцээд таны менежер тус станцын захирлаар томилогдсон шүү дээ. Эрдэнэтийн иргэн бүр, станцын ажилчин бүхэн энэ бол Д.Дамба-Очир гишүүний компани болох нь гэж хэлж байна. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц”-ын нэг тоосго байсан ч Д.Дамба-Очирын компани мэдэж байгаа. Үүнийг би хэлээгүй ард түмэн хэлж байна. Эрдэнэтийн үйлдвэрийг хувьчлахыг эсэргүүцсэн 400 гаруй хүний гарын үсэгтэй захидал надад байна. Бүх цех, тасгийнхан гарын үсгээ зурсан байна. Сүүлийн 4-5 жилд төсвөөс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Төрөөс хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ менежментийг нь сайж­руулах ёстой. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал ирээдүйд ашигтай ажиллах бололцоотой” гэв.

Д.Дамба-Очир хариу тайлбар хийх гэсэн боловч УИХ-ын дарга дараагийн хүнд үг хэлэх боломж өгөв.  Энэ асууд­лыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Ховд аймгийн дулааны станцыг 2004 билүү 2005 онд хувьчилсан. Ингэхдээ бүх магистрал шугамуудыг хамтад нь хувьчилчихсан. Одоогийн дулааны стан­цын үйл ажиллагаа мэдээж тааруухан. Шинээр дулааны станц барих гэхээр дахин шинээр магистрал шугам барих бол­дог. Энэ асуудлыг засч залруулах бол­омж байгаа юм хэмээн ТӨХ-ний дарга Д.Сугараас тодрууллаа. Тэрбээр мөн “Хөтөлийн цементийн үйлдвэр цементээ үйлдвэрийн үнээр нийлүүлдэг гэдэг. Яг үнэндээ тийм хямд үнээр нь эрх мэдэлтэй, албан тушаалтай, танил талтай хүмүүс л авдаг. Жирийн иргэд, бизнесмэнүүд дамын үнээр авдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч мөн адил. Арматурын төмрийг нь танил талтай хүмүүс л хямдаар авдаг. Энэ үйлдвэрүүд хувьчлагдсан юм уу, үгүй юмуу. Яахаараа иргэдэд ингэж хандаж байдаг юм бэ” гэдгийг тодруулахыг хүслээ.

ТӨХ-ны дарга Д.Сугар “Ховдын дулааны станцыг мөрдөгдөж байсан журмын хүрээнд орон нутгийн хувьчлалаар хувьчилсан байдаг. Ингэхдээ төрд үлдэх ёстой байсан сүлжээтэй нь хамт хувьчилсан юм билээ. Үүнтэй холбоотой асуудлыг судлахаар ТӨХ-ны ажлын хэсэг явах гэж байна. Бид хувьчлалыг зөв явагдсан эсэхийг тогтооно. Засч залруулах талаар арга хэмжээ авах болно. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нээлт­тэй уралдаант шалгаруулалтаар хувьчил гээд заачихсан. Харин Засгийн газар стратегийн ач холбогдолтой үйлдвэрээ хувьчлахгүй байж байгаад Их Хуралд шалтгааныг тайлбарлая гэж байгаа. Бүтээгдэхүүний хувьд хүрэлцээтэй холбоотой асуудал байгаа байх. Гэхдээ энэ чиглэлээр арга хэмжээ аваад эргээд мэдэгдэх болно” гэв.

Хөдөлгүүрийн хэмжээ ихэсвэл төлөх татвар нэмэгдэх нь

Чуулганаар хэлэлцсэн дараа дараа­­­­гийн асуудлаас Зарим бараанд ног­дуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох зэрэг холбогдох хуулиу­дын өөрчлөлтийн тухай байв.

Хууль санаачлагчдын үзэж буйгаар одоо үйлчилж буй Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар том оврын суудлын автомашинд ногдуулж буй татвар нь харьцангуй бага хэмжээтэй байгаа гэнэ. Мөн эдгээр суудлын автомашин нь бусад суудлын автомашинтай харь­цуу­лахад өндөр үнэтэй байдаг тул харь­цангуй орлого өндөртэй иргэд эзэмшдэг аж. Иймд орлогын тэгш хуваарилалтыг хангах, иргэдийн зохис­т­ой хэрэглээг бий болгох, орон нут­гийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэг­дүүлэх зорилгоор 3501-4500, 4501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамж­тай суудлын автомашины албан татва­рыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашин жилд дунджаар 420.1 мян­­ган төгрөгөөс 1.5 сая төгрөг хүр­тэл албан татвар төлөхөөр байна. Ингэснээр, орон нутгийн төсвийн орлого 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн үеэр Л.Гүндалай нарын гишүүдээс ард түмэнд дарамт учруулах хуулийн төслийг оруулж ирж байгаа гэх шүүмжийг хэлж бай­лаа. Сангийн сайдын хариулснаар энэ хууль нь дарамт учруулах зорил­гоор боловсруулагдаагүй бөгөөд иргэ­­дээ шатахуун бага иддэг машин унахыг урамшуулж 2500-3500 см/куб хөдөлгүүрийн багтаамжтай маши­­ны татвар бууруулах хүртэл зохи­цуулалт агуулсан гэнэ. Мөн гишүү­дээс “Засгийн газрын хувьд нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх бүрий­­дээ татварын хуульд өөрчлөлт оруу­лахаар болж, тогтворгүй орчин бий болгож буйд шүүмжлэлтэй хандаж байна. Тэр дундаа говийн хөрсийг эргүүлж байгаль орчныг сүйтгэж бай­гаа хүнд даацын авто машинуудад татвар ногдуулахгүй,  тойруулж асууд­­­лыг оруулж ирдэг болсонд анхаа­рал хандуулах цаг болсныг ч хөндлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Том том байшин шиг хүнд даацын автомашинуудад яагаад татвар ногдуулахгүй байна вэ” гэж байлаа. Сангийн сайдын тайлбараар бол нэгд­сэн төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиу­дын төслийн хувьд татварт хамрагддаггүй хэсгээс татвар авахад чиглэсэн төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Хүнд даацын ачааны авто машинуудад татвар ногдуулах асуудлыг ярьж байгаад энэ асуудлыг жичид нь оруулахаар болж, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамныхтайгаа ярилц­сан гэв. Хэлэлцүүлгийн үеэр С.Эрдэнэ, Д.Балдан-очир, Д.Ганхуяг нарын гишүүд 16-хан тэрбум төгрөгийн төлөө татварын хуулийг хөдөлгөх утга­­­­гүй, тиймээс Сангийн сайдыг хуу­лийн төслөө татаад авахыг зөвлөж байв. Эцэст нь санал хураалгахад нийт гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Ингэснээр дээр дурдагдсан хөдөлгүүр томтой машинууд урьдын татварын нөхцөлтэйгээ үлдэж чадсан байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж