
Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр, Баянхошууны Нарангийн гол, “Цэнхэр” гэх газруудын ойролцоох сургуулийн сурагч байсан гэсэн мэдээллийн дагуу тэр орчмын сургуулиудаар явсан юм. “Цэнхэр” хэмээх дэлгүүрийн орчимд 106, 107, 42 гэсэн нийт гурван дунд сургууль байдаг. Ийм хэрэг гарсан талаар “Цэнхэр” дэлгүүрийн худалдагчаас тодруулахад “Найман настай хүүхэд хулгайлсныг сонссон. Одоогоор яг хаана гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ өмнө нь бага насны хүүхэд гүйж орж ирээд “Намайг хүн авч явах гээд байна, намайг нуугаарай” гэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тэдгээр хүүхэд “Хоёр нь машинтай хүн авч явах гэлээ” гэж дандаа ярьдаг. Өвөл болсон болохоор эрт харанхуй болж байгааг далимдуулсан муу санаатай хүмүүс байж болох юм. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ тавих анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй байх” гэж байсан. Түүний хэлснээр бол хоёр, гурван ч удаа бага насны хүүдүүдийг хүмүүс авч явахыг оролдсон байна.
Тус дэлгүүрийн дэргэд байрлах 107 дугаар сургуулийн сурагч Золзаяа хэлэхдээ “Ер нь орой тарж байгаа болохоор гэртээ харихдаа их айдаг. Манай ангийн хоёр хүүхдийг гэр рүүгээ харьж явахад нь ах нь гэрт нь хүргээд өгье гээд машинтай хүмүүс хэлсэн гэсэн тэр хоёр айгаад зугатаасан гэж байсан. Өөр тийм зүйл сонсоогүй” гэлээ. Харин тус сургуулийн багш нар “Тэр хүүхэд хулгайлсан гэдгийг зурагтаар харсан. Манай сургуулиас биш байх аа. Тэр хүүхдийнхээ нэр овгийг нь мэдэж байвал бид шүүгээд гаргаад ирнэ. Нэрийг нь мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй юм” гэв. Тус сургууль нь дөрвөн ээлжээр хичээллэдэг учраас харанхуй болсон хойно тарах нь элбэг. Гэхдээ эцэг эхчүүдийг нь болон гэр бүлээс нь хүн ирсэн тохиолдолд сургуулийн хүүхдүүдээ явуулдаг гэсэн. Гэхдээ хулгайлагдсан хүүхэд тус сургуулийн сурагч байсан бөгөөд найман настай гуравдугаар ангийн сурагч байсан гэдгийг нотлох хүн байна. Хүүхэд хулгайлсан гэх мэдээлэл гарснаас хойш тус сургуулийнхан сурагчдаа эцэг, эхийг нь иртэл хүлээлгэж өгдөг болсон гэдгийг ч зарим хүмүүс хэлж байсан юм.
107-р сургуулийн дэргэдэх 42 дунд сургууль нь бага сургууль учраас сурагчид амарсан байсан. Багш нар нэгдсэн хуралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Харин нийгмийн ажилтан нь “Манай сургуулийн сурагч биш” гэхээс өөрийг хэлэхээс татгалзлаа. 106-р сургууль ч мөн адил манай сургууль биш гэсээр тодорхой тайлбар өгсөнгүй. Магадгүй хүүхдүүд айх, сандрах гээд сөрөг зүйлүүд нийгэмд бий болно гэж эмээж байж ч болох юм. Гэхдээ л үнэхээр үнэн бий бол түүнээс бага насны хүүхдүүд тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдийг сэргийлүүлэх нь чухал биз.
Одоогоос жил гаруй өмнө Яармагийн 60 сургуулийн сурагчдыг хар, номергүй машинтай хүмүүс авч явахыг завдсан, машиндаа суулгахыг завдсан талаар манай сонин мэдээлж байсан. Гэтэл тухайн үедээ хүүхдүүд, эцэг эх, багш нар нь тийм зүйл болсныг баталж байсан ч нийгэмд хар мэдээлэл төрүүлсэн гээд тухайн үедээ нам дараад өнгөрсөн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд нь захын хүн амын суурьшил ихтэй дүүрэг. Мөн гэр хороолол ихтэй учраас гэрэл бага учраас харанхуйд бага насны хүүхэд төдийгүй томчууд ч явахад хүндрэлтэй байдгийг мэдэх биз. Захын хорооллын сургуулийн хүүхдүүдийн дунд “Хар, номергүй тенитэй машинтай хүүхдийн хулгайч” гэсэн яриа явсаар биелэлээ олсон уу эсвэл үнэхээр тийм зүйл байдгийг нь томчууд анзаарсангүй юу гэдгийг шүүх, цагдаагийхан тогтооно. Харин эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж байхгүй бол нэг өдөр “Хар, номергүй машин”-тай хүмүүсийн гарт өртчих вий гэж эмээх сэтгэл төрснийг нуух юун. Хэдийгээр хэрцгий ч гэсэн найман настай охиныг хулгайлсан хэрэг түүнийг гэрчлэнэ. Найман настай охиныг хулгайлсан бүлэг этгээдүүдийг хүний наймааны сүлжээ мөн эсэхийг нь тогтоохоор Улсын мөрдөн байцаах газар ажилласаар байна. Бага насны хүүхдийг санаатайгаар хулгайлж, охиноор хулгай хийлгэхийг завдсан бүлэг хүмүүсийн хоёр нь олдохгүй байгаа гэсэн. Тиймээс Улсын мөрдөн байцаах газар тодорхой мэдээлэл өгөхгүй, шалгаж дууссаны дараа мэдээлэл өгье гэлээ.