”Усыг зохистой ашиглахын тулд үнэ нэмэх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

”Усыг зохистой ашиглахын тулд үнэ нэмэх хэрэгтэй”

З.Батбаяр: Усыг зохистой ашиглахын тулд үнэ нэмэх хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд усны асуудал хурцаар тавигдаж, ундны ус  эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж буй.  Энэ талаар Усны газрын орлогч дарга З.Батбаяртай ярилцлаа.

-Манай улсын усны чанар ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд авч  үзвэл чанаргүй, муу болчихсон зүйл байхгүй. Харин зарим газар говийн бүс, Сүхбаатар, Говь-Алтай аймагт усны хатуулагийн хэмжээ өндөр байгаа. 100 гаруй сумын ундны усны зориулалтаар ашиглаж байгаа худгуудад шинжилгээ хийж үзэхэд хатуулаг ихтэй гарсан. Бусад гол мөрөн, газрын доорх ус бол  сайн.

-Усны бохирдолт их байгааг МХЕГ-аас тогтоосон гэсэн. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-2000 оноос хойш усны чанар, бохирдлын асуудал эрчимтэй яригдаж байгаа.Үүнд хот, уул уурхай, хүний үйл ажиллагаа гэсэн гурван үндсэн шалтгаан бий. Улаанбаатарыг оруулаад бүх аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламж нь хуучирсан. Хамгийн сүүлд Төв аймагт 1.8 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламж барьсан. Үүнээс бусад нь 1950-1960 оны үед баригдсан. Бохир усаа хөрсөнд хийгээд хөрс нь өөрөө байгалийн маягаар шүүгээд усаа гаргаж байдаг. Гэтэл 20, 30 жил ашигласан байгууламжууд учраас хөрснийг шүүх чадвар нь  буурчихсан байгаа.

Үүнээс гарсан ус нь ихэвчлэн гол руу ордог. Туулын усны бохирдолтын шинж тэмдэг нь Зайсангийн  гүүрний доороос  илэрч эхэлдэг. Сонсголонгийн гүүрний доор Төв цэвэрлэх байгууламж нээснээр Туул голын ус уух битгий хэл, маш аюултай болсон.

Үүнээс гадна хүмүүс “Хог их байна. Үүнийг цэвэрлэх ёстой” л гээд байгаагаас биш эргээд байгальд нөлөөлөх сөрөг үр дагаварыг нь боддоггүй. Жишээлбэл, нэг чихрийн цаас байхад түүн дээр бороо ороод ихэнх тохиодолд гол руу хуримтлагдан ордог. Ус нь өөрөө хамгийн сайн шингээгч бодис учраас чихрийн цаасны будгийг өөртөө шингээдэг. Хэчнээн их чихрийн цаас гол руу орох тусам улам аюултай. Түүнчлэн Улаанбаатар хотын төлөвлөлт нь бохирдолтын эх үүсвэр болж байна. Төв хогийн цэг нь салхины дээд талд байрладаг. Дээрээс нь Чингэлтэй хайрхан уулын бэлд байгаа оршуулгын газар нь хөрсний усаар дамжаад угаагдаж байгаа. Улаанбаатарын хөрсний бохирдлыг аваад үзэхээр Баянбүрд, Ногоон нуурын орчмоор маш их гардаг.

Үүний зэрэгцээ уул уурхайн компаниуд усыг хуримтлуулаад тэр усаараа хөрсийг угаадаг. Нэг тонн шороон дотроос нэг грамм алт авдаг. Тэгэхээр нэг тонн шороог угаахын тулд одоогийн техник, тоног төхөөрөмжөөсөө шалтгаалаад 2-14 тонн ус хэрэглэж байгаа. Усныг бохирдуулдаг нэг эх үүсвэр нь гар аргаар алт олборлогчид. Зөвхөн гар аргаар угааж байгаа учраас тэнд маш их хэмжээний химийн хорт бодис хэрэглэдэг. 60 мянган хүн ажиллаж байгаа гэсэн судалгаа байдаг. Нэг хүн грамм мөнгөн ус хэрэглэдэг гэж бодвол өдөрт хэчнээн их мөнгөн ус гол руу орох нь ойлгомжтой. Энэ бол хамгийн аюултай бохирдолт.

-Усны хэрэглээ ямар байна вэ?

-Ус сувгийн удирдах газраас өдөрт 160 мянган метр куб усыг Улаан­баа­тар хот руу нийлүүлдэг. Энэ хэрэглээг хүн амд хувааж үзвэл орон сууцанд амьдарч буй хүн өдөрт 230-280 литр, гэр хорооллын иргэн 6-8 литр ус хэрэглэж байна. 250 литр ус хэрэглэж буй нь дэлхийн дунджаас хоёр дахин их. Өдөрт хоёр усанд ордог, усны хэрэглээ өндөр улсаас ч хоёр дахин ус хэрэглэж байна. Мөн өдөрт 40 орчим мянган куб метр усыг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Цахилгаан станцуудын хэрэглээг харахад үнэхээр харамсалтай. Хөргөлт, нүүрсээ шатаагаад гарсан үнсийг зөөх зориулалтаар усыг хэрэглэж байна. Гэтэл энэ ус нь бидний ууж байгаа газрын доорх цэвэр ус. 1980-аад оны үед Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 220 орчим куб метр ус ашиглах боломжтой гэсэн тооцоо гарсан байдаг. Гэтэл энэ судалгаанаас хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Туул голын урсац яаж багасч байгааг тоо хэлэлгүйгээр нүдээр харахад мэдэгдэнэ. Гэтэл 220 гэсэн тоо одоо хэвээрээ байгаа юу гэдэг эргэлзээтэй.

-Манай улс хэчнээн хэмжээний усны нөөцтэй вэ?

-Улсын хэмжээнд 610 километр куб усны нөөцтэй. Энэ нөөцийн 80 хувь нь гадаргын ус. 20 хувь нь газрын доорх ус. Тэгэхээр бидний ус ашиглалтыг аваад үзэхээр Улаанбаатар хотын иргэдийн 99 хувь нь газрын доорх ус ашиглаж байгаа. Ядаж орон сууцанд амьдарч буй хүмүүсийн хэрэглээг 200, цаашлаад 150 болгох шаардлагатай. Усны ашиглалт их газруудад хомсдол бий болох аюултай. “Оюутолгой” ХХК-ийн усны нөөц гэхэд тэр хавийн бүх компани энэ нөөцөөр хангагдах  ёс­той. “Эрдэнэт” ХХК-ийн  усны хэрэглээг аваад үзэхэд 60 км-ийн зайд байрлах Сэлэнгийн дэргэд байдаг дөрвөн том худгаас тэжээгдэж байна. Нөөцийн хувьд бид одоо байгаа бодлогоороо цааш явахгүй. Усны нөөцөд яаж менежмент хийх вэ гэдэг дээр цоо шинэ арга боловсруулах ёстой. Энэ арга нь үнэ, хэмнэлт, үр дүнтэй ашиглалт гэсэн гурван зүйлтэй уялдах хэрэгтэй.

-Нийслэлд 1700 гаруй ундны усны худаг байдаг гэсэн. Аль хэсэгт илүү бохирдолттой байдаг вэ?

-Ус сувгийн удирдах газрын хариуцдаг усны эх болж байгаа 1600 гаруй худаг байгаа. Энэ худгуудын бохирдлын түвшин бага. Крантаар ирж байгаа усны хоолой нь бохирдоогүй бол анх ирж байгаа ус нь цэвэр байдаг. Гэтэл зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр гэр хорооллын дунд гаргасан худаг 100-гаад бий. Эдгээр нь маш их асуудалтай. ХӨСҮТ-өөс “Усны эх үүсвэрийн 71 хувь нь ямар нэг нянгийн бохирдолтой байна” гэсэн судалгаа гаргасан байна лээ. Тийм байхаас ч өөр аргагүй. Энэ нь хөрсний бохирдолтой холбоотой. Түүнчлэн Улаанбаатарт хашаа бүр жорлонтой. Тэр байтугай жорлонгийх нь нүх нь дүүрэхээр дахин шилжүүлэн нүх ухаж суулгадаг. Нүхэн дотор байгаа ялгадас нь байнгын нэвчиж байдаг. Үүнээс шалтгаалаад нянгийн бохирдолт их гардаг.

 -Ариутгал яаж хийдэг вэ?

-Нэгэнт бий болсон бохирдлыг цэвэрлэнэ гэдэг боломжгүй. Ганц гарц нь нэмж бохирдуулахгүй байх. Үүний тулд газар доорх усыг бохирдуулахгүй байх муу усны нүх жорлонг барьдаг болох хэрэгтэй. Болбол ялгадасыг өөр газар нийлүүлж, тэнд нь халдваргүй­жүүлдэг байвал зүгээр. Мөн Хятадууд шиг ялгадасаар бордоо, явган хүний замын хавтан хийдэг болох хэрэгтэй. Харин ашиглах гэж буй усаа шүүж хэрэглэх нь чухал. Түүнчлэн усны хоолойг шингэн хлормин нэмэх замаар ариутгаж, цэвэрлэж болно.

-МХЕГ-аас худгуудад шалгалт хийгээд шаардлага хангаагүй тохиолдолд хаадаг гэсэн. Энэ хаасан худгийг яадаг вэ?

-Тэр худагт ямар нэг цэвэршүүлэх байгууламж тавихгүй бол ашиглахгүй. Цаашид ашиглая гэвэл худгийнхаа усан сан эсвэл ус гарч байгаа хэсэгт цэвэршүүлэх тоног төхөөрөмж  тавих ёстой.

-Усны зохистой хэрэглээг яаж бий болгох вэ?

-Усны төлбөрийг нэмэх хэрэгтэй. Уул уурхайн компаниуд нэг куб метр усыг 150 буюу литр усыг 15 мөнгөөр авч байна. Гэтэл гэр хорооллын иргэд хоёр литр ус авна гэдэг нь шударга байдалд нийцэхгүй. Одоогийн байдлаар бид 4500 хүртэл байж болох юм гэсэн саналтай байгаа. Хоёр дахь арга нь ус бохирдуулсны төлбөр оногдуулдаг байх шаардлагатай. Бид энэ тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан байгаа. Хэдий чинээ их бохирдуулна тэр хэмжээгээр нь төлбөр авдаг системд шилжих хэрэгтэй.

-Усыг дахиж ашиглах талаар ямар нэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юу?

-Үнэ нэмэхтэй холбогдуулаад усыг дахин ашиглах боломжийг нээх хэрэгтэй. Манай улс шиг жорлондоо уудаг усаа хэрэглэдэг, цэвэр усаараа хувцсаа угаадаг улс байхгүй. Ард иргэд усыг зөв зохистой ашигладаг болох нь чухал байна. Дахин ашигла гэж хэлээд нэмэргүй. Эдийн засгийн хувьд их зардалтай. Тиймээс арьс ширний үйлдвэр гэх мэт ус их ашигладаг газрууд усыг дахин ашиглахаас өөр аргагүй болтол нь усны үнийг нэмэх шаардлагатай. 

Б.АЗЗАЯА

"Өдрийн шуудан" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж