Олон улсын чихрийн шижингийн холбооноос 1991 оноос арваннэгдүгээр сарын 14-ийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхаглажээ. 2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр нь цэнхэр өнгөтэй цагирагийг бэлэг тэмдэг болгосон. Энэхүү бэлэгдлийн ЦАГИРАГ нь амьдрал, эрүүл энхийг, харин Цэнхэр өнгө нь олон үндэстнийг нэгтгэсэн хөх тэнгэрийг, мөн Нэгдсэн үндэсний байгууллагын тугны өнгө юм байна. Манай улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол улсад 1999 оны тандалт судалгаагаар манай орны 35-аас дээш насны нийт хүмүүсийн 3.1 хувь, чихрийн шижин өвчтэй байсан бол 2005 оны шаталсан судлагаагаар 8.2 хувь болж өссөн байна. Мэргэжлийн эмчийн хяналтанд дөнгөж 3500 орчим чихрийн шижин өвчтэй хүмүүс бүртгэгдсэн. Эдгээр чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 80 хувь эмчийн хяналтанд очдоггүй, муу хяналттай, 34.3 хувьд нь хоёр ба түүнээс дээш тус өвчний хүндрэл илэрчээ.