Канад технологийн анхны цэцэрлэг үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Канад технологийн анхны цэцэрлэг үүдээ нээлээ

Өнөөдөр СХД-ийн 25-р хороонд канад технологиор барьсан 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ. Уг цэцэрлэг нийслэлийн захын хорооллуудад канад технологиор барьж байгаа цэцэрлэгүүдийн анхных нь юм. Цэцэрлэгийн нээлтэд  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар оролцжээ. Ё.Отгонбаяр нээлтийн үгэндээ, нийслэлд жилдээ нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн нүүж ирж байна. Энэ нь цэцэрлэг, сургуулиудын суудлын тоог нэмэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. 2008 онд улсын хэмжээнд долоон цэцэрлэг барьж байсан бол 2012 онд зөвхөн нийслэлд 26 цэцэрлэг барихаар төлөвлөж байна гэлээ.

Нийслэл хотын хүн ам эрчимтэй өсч байгаа энэ үед хямд өртгөөр богино хугацаанд барьдаг канад технологийн модон цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж. 100 хүүхдийн тоосгон цэцэрлэгийг 600 орчим сая төгрөгөөр барьдаг бол “канад” цэцэрлэгийг 350 сая төгрөгөөр барьдаг байна. Үнэ өртөг хямд, ердөө 3-4 сарын дотор л барих боломжтой. Тэрчлэн ийм цэцэрлэгийн бас нэг давуу тал нь дулаанаа маш сайн хадгалдаг, газар хөдлөлтөд тэсвэртэй,  хүүхдэд ээлтэй материалаар баригдсан байдаг аж. Одоо нийслэлийн захын хэд хэдэн дүүрэг, Хонхор, Тахилтад канад технологийн модон цэцэрлэгүүд барьж байгаа, удахгүй үүдээ нээх гэнэ.

Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх онд канад технологийн 40 цэцэрлэг барихаас 19-ийг нийслэлд, бусдыг нь хөдөө орон нутагт барих юм. Нийслэлд барих 19 цэцэрлэгийн суурийг энэ онд багатааж цутгах байсан ч холбогдох газар нь техникийн нөхцөлөө одоо болтол өгөхгүй байгаагаас цэцэрлэг баригдах хугацаа хойшлоход хүрчээ. Ер нь нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга барих газар олдохгүйд хүрээд байгаа нь бас л хүндрэл болжээ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж