Хүнд даацын машинуудад татвар ногдуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Хүнд даацын машинуудад татвар ногдуулах ёстой гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн татвартай холбогдох дагалдах долоон төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Засгийн газрын хувьд нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх бүрийдээ татварын хуульд өөрчлөлт оруулахаар болж, тогтворгүй орчин бий болгож буйд шүүмжлэлтэй хандаж байна. Тэр дундаа говийн хөрсийг эргүүлж байгаль орчныг сүйтгэж байгаа хүнд даацын авто машинуудад татвар ногдуулахгүй,  тойруулж асуудлыг оруулж ирдэг болсонд анхаарал хандуулах цаг болсныг ч хөндлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Том том байшин шиг хүнд даацын автомашинуудад яагаад татвар ногдуулахгүй байна вэ” гэж байлаа.
Сангийн сайдын тайлбараар бол нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн нэр бүхий долоон хуулийн төслийн хувьд татварт хамрагддаггүй хэсгээс татвар авахад чиглэсэн төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Хүнд даацын ачааны авто машинуудад татвар ногдуулах асуудлыг ярьж байгаад энэ асуудлыг жичид нь оруулахаар болж, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнынхантай ярилцсан гэсэн мэдээлэл өгч буй юм.

Дашрамд сануулахад, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлэгдсэн нэр бүхий долоон хуулийн төсөл дотор “Тансаг зэрэглэлийн авто машинд ногдуулах Онцгой албан татварыг өнгөрсөн оныхоос 50 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирээд буй юм. Тодруулж хэлбэл, авто машины Онцгой албан татвар өмнөхөөсөө 4000-9000 ам.доллараар нэмэгдэх болж буй. Энэ асуудалд гишүүдийн байр суурь зөрүүтэй байна. Нэг хэсэг нь тансаг зэрэглэлийн авто машины татварыг 50 хувиар нэмэгдүүлэхээр болсныг зөв гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь “Авто зам муу байгаагаас монголчууд арга буюу бартаа саад даван туулах чадвартайг нь бодож сайн машин худалдан авдаг болсон. Энэ үед нь тансаг зэрэглэл гэсэн ангиллаар авто машины Онцгой албан татварыг өмнөх оныхоос 50 хувиар өсгөхөөр тусгах нь туйлын буруу. Эргэж харах шаардлагатай. Үүний оронд татвар төлдөггүй, говийн хөрсийг эргүүлж байгаа хүнд даацын ачааны авто машинуудаас татвар авах цаг нь болсон” гэж үзэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж