
Тарвага агнахыг хориглоод цөөнгүй жил өнгөрлөө. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2006 онд 370 тоот тушаал гаргаж тарвага агнахыг таван жилээр хориглосон билээ. Социалист нийгмийн үед найман сая гаруй тарвагатай байсан бол 2006 оны судалгаагаар бараг тал хувь нь буурсан тоо гарсан. Иймд агнахыг хоригложээ. Гэтэл хулгар шарын тоо өссөн үзүүлэлт харагдахгүй байгаа тухай байгаль хамгаалагчид хэлж байв. Мах, арьснаас эхлээд хүний шуналыг хөдөлгөдөг энэ амьтныг хулгайгаар агнасаар улаан номонд бичигдэхэд хүргэж мэдэх нь. 1990-ээд оны үед Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай шиг олон тарвагатай газар байгаагүй. Харин эдүгээ дээрх газруудад тарвага нүдний гэм болсон.
Тоо толгой нь улам цөөрч буй тарвагыг ашиг хонжоо хайж хэтэвчээ зузаалах хүсэлдээ хөтлөгдсөн нөхдүүд хайр гамгүй агнаж буй нь хяналт шалгалтаар илэрч буй. Үүний нэг жишээ өнгөрсөн сард л гэхэд Говь-Алтай аймгийн харьяат залуус 2000 гаруй тарваганы арьс хонины нэхийнд далдлан хот руу оруулах гэж байгаад баригдсан. Ингэж хууль зөрчин агнахыг хориглосон амьтан хороосныхоо төлөөсөнд ердөө 50 мянган төгрөгөөр торгуулаад л өнгөрөх нь олонтаа байдаг аж. Уг нь хуульд зааснаар хууль бусаар тарвага агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлнэ гэдэг ч эр тарвага 50000, эмийг нь 65000, мөндөл бол 85000 төгрөгөөр торгоно. Мөн агнасан тарвага, бэлтгэсэн арьс, мах, тос, хулгайн авд хэрэглэсэн ангийн буу, хавх зэргийг нь хураан авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах арга хэмжээг авах заалттай. Тарвага агнахыг хориглосон цагаас эхлээд л хулгайн ан гаарсан гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн Хан-Уул дүүргээс үхсэн тарвага олдсон. Их хэмжээний тарваганы мах оруулж ирж байсныг илрүүллээ гэсэн мэдээлэл байнга шахам л сонсогддог. Тэр ч байтугай вокзалын ойролцоо байрлаж тарваганы мах өндөр үнээр зардаг нөхдүүд ч бий. Чанасан мах 20 мянга, боодог 40 мянга хэмээн ханш тогтоож, хажуугаар зөрөх нэгний чихэнд сэмээрхэн шивнэж зогсдог юм билээ.
Тарваганы хулгайн антай холбоотой хэрэг үүгээр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоогоор туламлаж бэлтгэсэн тарвага ачсан хоёр автомашин орж ирснийг цагдаагийн ажилтнууд саатуулсан. Багануур дүүргийн харъяат дөрвөн иргэн 30-29 БРА улсын дугаартай “Эксель” маркийн машинд 59 тарвага ачиж оруулж ирсэн. Тэд тарвагаа “Булган аймгийн Дашинчилэн сумаас агнасан” хэмээн мэдүүлсэн. Мөн тэдний машинаас 14 хавх, гурван ангийн буу, мөн тооны хутга, 38 сум гарсан. Мөн Булган аймгийн Могод сумаас хот уруу зорчиж буй 91-08 БУА улсын дугаартай “Портер” маркийн машины ачаанаас хоёр тарвага гарсан зэргээс харахад хууль, журам Монголд хэр хэмжээнд хэрэгждэг нь харагдаж буй биз. Илрүүлсэн тарвагыг хурааж Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв шинжлүүлэхээр өгсөн гэхээс өөр ямар арга хэмжээ авсан тухай тодорхой мэдээлэл өгдөггүй. Зарим газар хашиж хамгаалан нутагшуулах дээрээ тултлаа хулгар шар ховорджээ. Ховордохын хэрээр хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг байж мэдэх юм. Хууль дүрмээ хэрэгжүүлж, зөрчсөн нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин
