
Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний 01.49.23 цагт дэлхийн хүн ам долоон тэрбум хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт төрсөн хүүхдийг улс орнууд долоон тэрбум дахь иргэнээ хэмээн бэлэгшээж байгаа аж. Тиймээс тухайн цагаас нэг цаг гучин минутын өмнө болоод хойно төрсөн хүүхдүүдийг улс орон бүр бүртгэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлснээс хоёр нь тухайн цагаас 37-хон секундын зөрүүтэй буюу 01.50 цагт төрсөн юм байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Л.Дээдэнцэцэг бүсгүй хүүгээ тосон авч байх мөчид Орхон аймагт Б.Энхтүвшин гэдэг эмэгтэй хүү төрүүлжээ. Дээрх хоёр хүүг Монгол Улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж байгаа бөгөөд батламжийг маргааш буюу Үндэсний статистикийн өдрөөр гардуулах гэнэ.
Б.Тогтохhttp://mminfo.mn/