”Max, махан бүтээгдэхүүн экспортолно”

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

”Max, махан бүтээгдэхүүн экспортолно”

Монгол Улс Хятадтай зам барилга, эрчим хүчний салбарт хамтарч ажиллаад нэлээд олон жил өнгөрсөн.
Харин ХХААХҮ-ийн салбарт хамтран ажиллаад удаагүй байгаа юм. Хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн дагуу Хятадын Далянь хотод ажлын хэсэг анх удаагаа хуралдсан. Түүнчлэн манай улс Хятадаас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр 200 сая ам.долларыг ХАА-н салбарт зарцуулна.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд ирэх гурван жилд найман сая хоньтой тэнцэх мах гаргахаар яригдаж байгаа. Түүнчлэн хоёр ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дээд шатны ажлын хэсгийг Монголын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Хятад улсаас чанар, хорио цээрийн дэд сайд Пу Чан Чун ахалж байгаа. Доод ажлын хэсгийг манай талаас МХЕГ-ын дарга, Хятадын талаас Чанар, хорио цээрийн газрын дарга нар удирдаж байгаа юм.

Ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаараа ямар асуудал шийдвэрлэсэн талаар ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.


-Хятад улстай ХХАА-н салбарт хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Саяхан БНХАУ-д яваад ирсэн байна. Ямар ажил амжуулаад ирэв ээ?

-Өнгөрсөн сарын 27-нд Хятад-Монголын хүнсний аюулгүй байдлын хүрээнд хамтарч ажиллах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Хятадын талаас тавьсан гурван асуудал, Монголын талаас тавьсан дөрвөн асуудлын авч хэлэлцсэн. Хятадын талаас шувууны мах, сүүн бүтээгдэхүүн, үхрийн мах гэсэн гурван хүнсний бүтээгдэхүүнд тавьсан хоригоо цуцлах асуудал тавилаа.

Бидний зүгээс улаанбуудай экспортлох, рапсын үрийн хорио цээр цуцлах, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох, Хятадаас Монголд импортлогдож байгаа төмсний техникийн нөхцөлийн шинэчилж тохирох гэсэн дөрвөн асуудлыг тавьж эцэслэн тохирлоо. Тэдний зүгээс тавьсан асуудлаас сүү, сүүн бүтээгдэхүүн дээр тавьсан хоригийг 2009 онд цуцалсан байсныг мэдээлэл аваагүй байна лээ. Шувууны махан дээр тавьсан хоригийг сая цуцаллаа.

Үхрийн махны хувьд Хятад, Монголын мал эмнэлгүүд харилцан ажиллаад тухайн хоёр улсын нутаг дахь эрүүл ба өвчтэй бүсээ харилцан тохироод эрүүл бүсээсээ харилцан экспортлож, импортлох асуудлаа дараа дахиж ярилцахаар тохирсон. Бидний хүсэлтээс Улаанбуудайн техникийн нөхцөл дээр тавьсан хоригоо цуцлахаар тохирч гарын үсэг зурлаа.

Мөн дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох асуудалд тохирч гарын үсэг зурсан. Төмсний техникийн нөхцлийг Хятадын тал судалж үзээд эргэж хариу өгөөд дараагийн хурлаар шийдэхээр ярилцаад ирлээ. Явсан ажил бүтэмжтэй байлаа.

-Ажлын хэсэг хэзээ байгуулагдсан бэ?

-2009 оны дөрөвдүгээр сард Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Энэ гэрээ нь хоёр улсын хүнсний худалдааны барааны аюулгүй байддыг хангах зорилготой. Анхдугаар хуралдаанаа хийлээ. Хоёр жил тутамд нэг удаа хуралдаж байх хурал юм. Монгол Улс Хятад руу махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгддээ. Гэрээний хүрээнд хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь дэд сайд нарын хүрээнд.

Нөгөө нь түүний дор ажиллах газрын дарга нарын түвшинд ажиллана. Хонь, ямааны махыг бүтээгдэхүүн болгож экспортолсноор малчдын орлого нэмэгдэнэ. Махны үйлдвэрүүдийн ашиг нэмэгдэж, тариаланчид болон Монгол Улс илүү гарсан улаанбуудайгаа экспортолж өөрсдөдөө шинэ зах зээл нээсэн ажил боллоо.

-Өнгөрсөн жил адууны мах гаргаж байсан. Тухайн үед тээвэрлэлт хүндрэлтэй байх, татвар өндөр байна гэсэн асуудал гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Адууны мах Хятад руу гаргах хорио цээрийн нөхцөл тохирсон байсан. Татварын хувьд яамдууд өөр өөрсдийн хариуцсан үүргийнхээ хүрээнд Сангийн яам, Хятадын худалдааны яамтай харилцаад татвараа яаж тохирох вэ гэдгээ тохирох хэрэгтэй. Манай яам Хятадын чанар, хорио цээрийн ерөнхий хороо, Хөдөө аж ахуйн яамтай нь хамтарч ажиллаж байна.

-Лаазалсан болон хиам, мах махан бүтээгдэхүүн экспортлох компанийг хэрхэн сонгох вэ?

-Монголын үйлдвэрүүд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүсэлтээ тавих ёстой. Нэлээд компани хүсэл-тээ ирүүлсний дараа МХЕГ-аас Хятадын хорио цээрийн ерөнхий хороонд мэдэгдээд тэндээс экспертүүд ирээд манай үйлдвэрүүдтэй танилцаад аттестатчилал буюу зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл авсан үйлдвэрлэгч нар Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой.

-Тухайлбал ямар компаниуд байна?

-"Хатан сүйх", "Хүн од" компаниуд болон бусад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд тэнцэх байх гэж бодож байна.

-Манай улс хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор авахгүй байх. Хятадаас оруулж ирэх мах нь гахай, тахианы мах байх болов уу?

-Тахианы махны хориг цуцлагдсан учраас орж ирнэ. Гахайн махны хориг цуцлагдаагүй. Ер нь мах ч гэхгүй ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүн харилцан авахдаа хоёр талын хорио цээрийн асуудлыг ярилцаж байж шийдвэр гаргахаар ярьсан. Хятад улсад сүүлийн үед нэлээд газар шүлхий өвчин гарсан.

Мэдээж манай улс гадны улсаас мах импортлох гэсэн асуудал байхгүй. Харилцан гэрээ хийсэн учраас бие биенийхээ хүсэлтийг авч хэлэлцдэг. Тийм ч их үхрийн мах орж ирэхгүй. Японы технологиор хийсэн маш өндөр зэрэглэлийн ресторанд хэрэглэдэг тусгай аргаар цэвэршүүлсэн үхрийн мах импортоор оруулж ирэх байх.

Б.Өнөртогтох

"Монголын мэдээ" сонин

http://mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж