З.Алтай гишүүн “Ардын элч” болов

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

З.Алтай гишүүн “Ардын элч” болов

УИХ-ын гишүүн З.Алтайд өнөөдөр МАХН, МҮАН, БНН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам зэрэг улс төрийн таван нам болон “Эх орон-Тусгаар тогтнол, шударга ёс Үндэсний хөдөлгөөний гишүүн байгууллагууд болох АНАТХ, “Миний Монголын газар шороо”,“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол” эвсэл, Үндэсний “Хас” хөдөлгөөн Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Даяар Монгол”,“Шударга ёсны хувьсгал” Үндэсний оюутны Холбоо,“Нийгмийн хүч – либерал залуучуудын холбоо”, Улс төр, стратеги судлалын хүрээлэн,  “Иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв”,“Алтан ураг- Чингүүнжав туг сан” зэрэг төрийн бус байгууллагууд хүсэлт гардуулсан байна.

Уг хүсэлтэд “УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл нь улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнүүд, иргэд сонгогчдын анхаарлын төвд байгаа билээ.Сонгуулийн хууль нь нийт ард түмний эрх ашгийг хамгаалсан, ардчилсан ёс, шударга ёсонд нийцсэн байх аваас 2008 оны долдугаар сарын 1-нд  болсон эмгэнэлт үйл явдал дахин давтагдахаас сэргийлж чадна гэж олон нийт ойлгож, найдаж, бас хүлээж байгаа юм. Харамсалтай нь өнөөгийн хэлэлцэж байгаа Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-д суудалтай намуудын Сонгуулийн хуулинд хандаж буй байр сууринаас харахад 2012 онд УИХ-ын сонгууль шударга болно гэж найдах ямар ч үндэслэл харагдахгүй, найдвар төрөхгүй байна.

Энэ нөхцөл байдалд УИХ-д суудалгүй нам, хөдөлгөөнүүдээс сонгуулийг үнэн шударга явуулах, луйвар, булхай гаргахгүй байх, төрийн албан хаагчид, сонгуулийн байгууллагын ажилтнууд сонгуулийг будлиулдаг бусармаг явдлыг таслан зогсооход чиглэсэн дорвитой өөрчлөлтүүдийг Сонгуулийн хуулинд оруулах, мөн хуучин хуулийн үнэ цэнийг алдагдуулж, сулруулсан, хассан заалтуудыг сэргээн оруулах талаар саналуудаа богино хугацаанд нэгтгэн боловсруулж, Тантай урьдчилан тохирсны дагуу үүгээр хүргүүлж байна.

Эрхэм гишүүн Та УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон тул УИХ-ын гадна байгаа улс төрийн нам, иргэний байгууллагын сонирхолыг илэрхийлж, шаардлагатай үед тэдний эрх ашгийг төлөөлөн, ялангуяа Сонгуулийн хуулийн талаар баримталж буй зарчмын байр суурийг нь дэмжинэ гэдэгт найдаж байна.Иймд Эрхэм гишүүн Та бидний Сонгуулийн хуулийн талаар гаргасан тодорхой саналуудыг хүлээн авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын байнгын хороодын хуралдаан болон нэгдсэн чуулган хуралдаанд оруулан хэлэлцүүлж, хуулинд тусгуулах талаар идэвхи санаачилга гарган ажиллахыг хүсч байна” гэжээ.

Ийнхүү парламентад суудалгүй нам, хөдөлгөөнүүдийн УИХ дахь “Ардын элч” нь З.Алтай гишүүн болж, тэдний саналыг батлагдаж буй хуулиудад тусгуулж байхаар болов.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж