“Худалч” нь хэвлэл үү, улстөрчид үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Худалч” нь хэвлэл үү, улстөрчид үү?

УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгээд буй яг энэ үед улстөрчид хэвлэлүүдийн дуу хоолойг хааж “хэлгүй” болгох шийдвэр гаргахаар улайрч эхлэв. Эрхэм түшээдэд өөрсдөд нь хамгийн их хамаатай Сонгуулийн тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой харшлах заалт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд санал нэгтэй гар өргөв. Эрхэм гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Су.Батболд, Д.Одхүү, Х.Тэмүүжин, З.Энхболд, Ч.Сайханбилэг гээд нам намын гайгүй улстөрчид хамт сууж байгаад хэвлэлүүдийг даашгүй торгуульд унагах заалтыг Сонгуулийн хуульд оруулахаар санал нэгдчихэж байгаа юм.

Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгууль будилуулсан, иргэний сонгох, сонгогдох эрхийг хохироосон зэрэг буруутай хүн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах талаар гишүүд ярьж, торгуулийн хүнд хөнгөний тухай хэсэг мэтгэлцсэн юм. Тэгэхдээ өөрсдөд нь, мөн төрийн албан хаагчдад ногдож болох торгуулийг хамгийн хөнгөн байлгахаар ухаанаа уралдуулсан. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хохироосон төрийн албан хаагчид сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль ногдуулахаар Д.Одхүү гишүүнийг санал гаргахад Су.Батболд гишүүн “Улстөрчид өөрсдөө будилаан хутгадаг. Улстөрчдийн будилаанаас болж 300-хан мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчийг хамаагүй өндөр торгож болохгүй” гэсээр “2-4 дахин нэмэгдүүлж торгоно” гэсэн “зөөлөн буулт” хийлгэж дөнгөсөн. Улстөрчид өөрсдөө нэр дэвших явцдаа алдаа гаргавал “хацраа илүүлээд” өнгөрсөнтэй ижил шахам торгуулахаар боллоо. Сонгуулийн ажлыг будилуулсан хэнбугай ч хамгийн дээд тал нь сарын цалингийн доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээгээр торгуулахгүй байхаар төсөлд оруулж гар өргөсөн эрхмүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг харин бут ниргэх заалт оруулж гар өргөх нь тэр. 

Сонгуулийн үеэр улс төрийн намууд, нэр дэвшигчдийн талаар худлаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг сарын цалингийн доод хэмжээг 35-70 дахин өсгөсөн хэмжээгээр торгох гэнэ. Мөнөөх “манай гишүүд сүүлийн үед аманд багтахгүй тоо хэлж торгууль өсгөх заалт хуульд оруулдаг болсон” хэмээн төрийн албаныхныг өмгөөлж хаацайлаад байсан гишүүд үүн дээр ганц үг ган хийгээгүй. Д.Одхүү гишүүн л “Түрүүн 10 хувийг өндөр гээгүй бил үү” гэж ам асуухад “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бол хуулийн этгээд” гэсэн үгээр амыг нь тагласан. МАН-ынхан байг гэхэд АН-ын хэвлэлийн эрх чөлөө ярих дуртай гишүүд сонсоогүй мэт гар өргөөд сууж байв шүү. Араар суусан сэтгүүлчид амь тэмцэж, арай л хоороор дуу алдчихаагүй. Зарим нь микрофоныхоо утсыг мушгиж, зарим нь дэвтэр, балаа базаж тэрхэндээ юм болсон.

“Эцсийн бүлэгт улстөрчид хор хутгаж будилаан үүсгэдэг” гэсэн шалтгаанаар бусад албан тушаалтан, хуулийн этгээдийн торгуулийн хувийг буулгасан атлаа хэвлэлийг нэгмөсөн яллах заалт хийхдээ гишүүд огт тоосонгүй. Бусад этгээд дээд тал нь сарын цалингаа  долоо нугалж торгуулж байхад хэвлэл, мэдээлэл болоод ирэхээрээ 35-70 дахин нугалж торгуулна гэдэг үнэхээр тэнгэр газар шиг байгаа биз. Хэвлэлээр үнэн, худал мэдээлэл цацуулдаг нөхөд тэгээд хэн юм бэ. Улстөрчид өөрсдөө биз дээ. Ямар ч хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч санаанаасаа зохиогоод хэн нэгнийг гүтгээд, нийтлээд байхгүй. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр эрхэм улстөрчид өөрсдөө овоогоо босгож сэтгүүлчдийг дуудчихаад, “овоон дээр минь жиргэлээ” гэж торгох юм байна л даа. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид өрсөлдөгчөө өөд уруугүй балбасан юм бичээд төлбөртэй материал нийтлүүлнэ гээд гүйлдээд ирдэггүй бил үү. Тавин мянган төгрөгийн үнэтэй төлбөртэй материалыг нь тавьсан хэвлэл үүнийхээ төлөө нэг сая 750 мянгаас 3,5 сая төгрөгөөр торгуулах юм байна. Харин гэм хийсэн нэр дэвшигч гуай бол сая хүрэхгүй төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Тэрбум тэрбумаар сонгуулийн сурталчилгаанд мөнгө хаядаг болсон эрхмүүдэд сая хүрэхгүй төгрөг гэдэг инээд хүргээд л өнгөрөх биз.

Саяхан хэвлэлүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар бие биеийнхээ идсэн уусныг дуудаж баахан хэрэлдлээ. Хоёулаа өөрсдийгөө өмөөрч, нөгөө талаа худалч хулгайчаар нь дуудлаа. Сонгуулийн үеэр аягүй бол өөрсдийнх нь хэлсэн ярьсныг нийтэлж нэвтрүүлснийхээ төлөө хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд худалч болон гүтгүүлж даашгүй торгууль хүлээх юм байна.

Гэтэл ингэхэд “худалч” нь хэвлэл үү, улстөрчид үү гэсэн асуулт гарч ирнэ. Хэвлэлүүд болсон үйл явдлыг сурвалжлан хүргэж, түүн дээр анализ, тойм хийж уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэдэг. Харин улстөрчдийн үнэн, худал ярьсныг тэр даруйд нь салгаж ялгахад бэрх. Сонгуульд нэр дэвшихдээ сонгогчдод баахан худлаа юм амлана. Сонгогдохоороо бараагаа харуулахгүй арилна. Тойргийн мөнгө гэж татвар төлөгчдийн цуглуулсан төсвөөс хөрөнгө гаргуулчихаад “миний юм” хэмээн нутаг орондоо тараана. Худлаа хийсэн хуулиа чуулган дуусаагүй байхад засна. Бие биеэ гүтгэнэ. Элдвээр харааж ерөөнө. Ёстой нүүрийн хувиралгүй увайгүй худлаа залдаг нөхөд хэн бэ гэвэл улстөрчид. Сонгуулийн сурталчилгааны үеэр өрсөлдөгчөө харин ч нэг газар доогуур ортол муучил. “Надаас сайхан хүнгүй, тэрнээс муу новшгүй” гээд л авч өгнө. Тэгээд хазгай хэлж, хальт гишгэснийхээ бурууг хэвлэлд тохох санаатай юм байна л даа. Ингээд харахад худалчдын золиосонд хэвлэлүүдийг гайтуулах заалт Сонгуулийн хуульд шигдэж орох нь гарцаагүй боллоо. Худлаа ярих нь хэвийн үзэгдэл болсон улстөрчдийн үгийг дамжуулсэн хэвлэлүүд торгуульд унаж амаа хамхиулах их муу цагийг ёрлосон заалттай Сонгуулийн хууль  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэгтэй зуузай холбох шахам батлагдах гэж буйг юу гэж үзэх вэ?

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж