Парламентаас гадуурх хүчнүүд Сонгуулийн хуульд санал өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Парламентаас гадуурх хүчнүүд Сонгуулийн хуульд санал өгөв

УИХ-д суудалгүй улс төрийн зарим нам, хөдөлгөөнүүд УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулан Сонгуулийн хуулийн төсөлд дараах саналыг тусгуулахаар өгчээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд  өгөх санал:

    Төслийн 28 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай заалтуудыг нэмэх:

28.61 УИХ-ын гишүүнээс бусад улс төрийн аливаа албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн санал хураах өдрийг дуусах хүртэл хугацаанд үүрэгт албан тушаалаасаа түр түдгэлзэнэ.

28.62 Ерөнхий сайд УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл 28.61-д заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, Засгийн газрын нэр дэвшээгүй насаар хамгийн ахмад гишүүн нь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ.

28.63   Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл 28.61-д заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, дэд сайд түүний үүргийг гүйцэтгэнэ.

28.64 УИХ-ын нийт гишүүдийн 50 хувиас цөөн тооны гишүүд УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл УИХ-ын хэвийн үйл ажиллагаа үргэлжилнэ. УИХ-ын нийт гишүүдийн 50 хувь ба түүнээс илүү тооны гишүүд УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл УИХ-ын чуулганы үйл ажиллагаа нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх авч дууссан өдрөөс эхлэн сонгуулийн санал хурааж дуусах өдөр хүртэл хугацаанд түр завсарлаж, УИХ нь шаардлагатай гэж үзвэл зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой онцгой асуудлаар хуралдаж болно.

39.15.18 Сонгууль зарлагдсанаас хойш сонгуулийн санал хураах өдрийг дуустал хугацаанд УИХ-ын гишүүнд нэр дэвшсэн Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүх шатны нийслэл, дүүргийн засаг дарга нар өмнөх сонгуулийн амлалттай холбоотой хөрөнгө мөнгө захиран зарцуулах, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, аливаа нийгмийн халамжид чиглэгдсэн арга хэмжээ авах, хөрөнгө оруулалт хийх, шав тавих, шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийг хүлээж авах, томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх болон хаах, гэрээ хэлэлцээр хийх болон хүчингүй болгох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид дээрх арга хэмжээнд биеэр оролцохыг хориглоно.

58.5 Энэ хуулийн 28.61, 28.62, 39.15.18 дахь заалтуудыг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, нэр дэвшигчийг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн нэрийн жагсаалтаас хасна.

Төслийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмэх: 

39.101 Үндэсний олон нийтийн радио телевизээс бусад хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй этгээд нь сонгуулийн аливаа сурталчилгаа хийхээс бүхэлд нь татгалзах эрхтэй. Хэрэв ингэж татгалзаагүй бол сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчид ижил тэгш нөхцөл олгох үүрэгтэй.

Төслийн 47.4 дахь хэсгийн “нэрийн жагсаалттай” гэсний өмнө “цахим болон хэвлэмэл хэлбэрээр үйлдсэн” гэж, “нэрийн жагсаалттай” гэсний дараа “давхар” гэж нэмэх.

Төслийн 49 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 49.1 дэх заалт нэмэх:

Төслийн 49.1-д  “биечлэн” гэсний дараа “гаргах үүрэгтэй” гэж нэмэх.

5.6. Сонгогч дараахь зөрчил гаргахыг хориглоно:

5.6.1. Сонгогч тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт ашиглах, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр саналаа өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх, хуурч мэхлэхийг оролдох зэргээр өөрийн санал өгөх эрхээ бусдад ашиглуулах, шилжүүлэх;

5.6.2. Сонгогч хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах болон санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

5.6.3. Сонгогч тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, бичлэг хийх, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах зэрэг үйлдэл хийх;

5.6.4. Сонгогч мөнгө, эд зүйл нэхэх, авах замаар аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар урьдчилсан амлалт  өгөх;

5.7. Энэ хуулийн 5.6.1-5.6.4-д заасныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний торгууль ногдуулна.

Төслийн 49.10 дахь заалтын “саналын хайрцгаар” гэсний дараа “санал авах өдрийн өмнөх өдөр” гэж нэмэх.

Төслийн 54 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 54.1.4, 54.1.5, 54.1.6 дахь заалт нэмэх:

54.1.4.сонгуулийн бүх шатны байгууллагын гишүүн, төрийн албан хаагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, санал авах ажиллагааг зохион байгуулах, сонгогч санал гаргах, санал тоолох журмыг зөрчсөн нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал зөрчил гарсан хэсэг тус бүрт;

54.1.5.нэг буюу хэд хэдэн хэсэгт гарсан зөрчлийн дүн нийлээд тухайн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол зөрчил гарсан хэсэг тус бүрт;

54.1.6.санал хураах өдөр сонгогчийн бүртгэл, санал агуулсан автомат төхөөрөмж алдагдсан, ажиллагаагүй болсон;

Төслийн 58 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 58.5, 58.6 дахь хэсэг нэмэх:

58.5. Сонгуулийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар луйвардсан, сонгуулийн хуудсыг хуурамчаар үйлдсэн, хулгайлсан, сонгуулийн автомат төхөөрөмжийг санаатайгаар гэмтээсэн, программ хангамж, мэдээллийг хууль бусаар өөрчилсөн этгээдийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

58.6. Сонгуультай холбоотой аливаа гомдол, маргааныг хараат бус дагнасан Сонгуулийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ. Дагнасан Сонгуулийн шүүхийг Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн УИХ байгуулна.

Төслийн 59 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 59.5 дэх хэсэг нэмэх:

59.5. Сонгуулийн хууль зөрчсөн гомдлыг нам, эвсэл нэр дэвшигч, сонгогч 4 жилийн хугацаанд дагнасан Сонгуулийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
Төслийн 51 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 51.2 дахь хэсэг нэмэх:

51.2. Сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргавал саналын хуудастай хэсэгчилэн болон бүхэлд нь танилцах эрхтэй. Энэхүү эрхийг эдлэхийг дараагийн УИХ-ын ээлжит сонгууль зарлагдах хүртэл хугацаанд аливаа хэлбэрээр хязгаарлахыг хориглоно.

Төслийн 55 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 55.6. дахь хэсэг нэмэх:

55.6. Дагнасан Сонгуулийн шүүхээс сонгуулийн маргааныг авч хэлэлцээд сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил гарсныг тогтоовол тухайн хэсэг, тойрогийн хэмжээнд дахин сонгууль явуулна.

Хоёр.  Төслийн дор дурдсан заалтыг өөрчлөх:

Төслийн 8.2 дахь заалтын “Лхагва” гэснийг “Ням” гэж өөрчлөх.

Төслийн 11.2 дахь заалтыг бүхэлд нь “Энэ хуулийн 4.7-д заасан Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн томсгосон нэг тойрог болно” гэж өөрчлөх.

Төслийн 14.14 дэх заалтыг “Энэ хуулийн 14.8-д заасан зөрчил гаргасан сонгуулийн бүх шатны байгууллагын гишүүн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр бүрмөсөн хална” гэж өөрчлөх.

Төслийн 41.3 дахь хэсгийг “Тухайн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд нэг суудалд шилжүүлснээр 50 /тавин/ саяас илүүгүй төгрөгийн зардал гаргана. Сонгуулийн дүнгээр суудал авбал тухайн нам, эвсэл, нэр дэвшигчид авсан суудал бүрээр нь тооцож 50 саяас илүүгүй төгрөгийн нөхөн санхүүжилтийг улсын төсвөөс олгоно” гэж өөрчлөх.

Төслийн 62 дугаар зүйлийг “Сонгуулийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэж өөрчлөх.

Төслийн 62.1 дэх хэсгийг “Сонгуулийн шүүх нь дараах гомдол маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж өөрчлөх.

Гурав. Төслийн дор дурдсан зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах:  

Төслийн 14.5. дахь хэсгийг “Сонгуулийн  бүх шатны байгууллагын нийт гишүүдийн гуравны нэг нь УИХ-д суудалтай намуудаас, гуравны нэг нь УИХ-д суудалгүй намуудаас, гуравны нэг нь иргэний нийгмийн байгууллагуудаас тус тус бүрдэнэ” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 19.9 дэх хэсгийг “Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг тухайн хорооны нарийн бичгийн дарга хариуцах бөгөөд бүхэлд нь гараар, дуу хураагуурт болон дүрс бичлэгээр баримтжуулна” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 20.5. дахь хэсгийг “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим хэлбэрт шилжүүлсэн сонгогчдын овог нэр, хаяг, харъяалагдах хэсэг, санал авах байрны нэр, хаяг дугаартай нь өөрийн цахим хуудсанд байрлуулж, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд улсын хэмжээгээр, бие даан нэр дэвшигчид улсын хэмжээгээр, ажиглагчид тухайн хэсгийн хэмжээгээр, сонгогчид зөвхөн өөрийн нэртэй танилцах боломжоор тус тус хангана” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 21 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

21.2. Энэ хуулийн 20.7-д заасан хугацаанаас хойш сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

21.3. Энэ хуулийн 21.2-т заасныг зөрчсөн Сонгуулийн бүх шатны байгууллагын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний торгууль ногдуулах, төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж ажиллах эрхгүйгээр хална.

Төслийн 39.7 дахь хэсгийг “үндэсний олон нийтийн радио телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн 3 цагтай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүйгээр үнэ төлбөргүйгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэйгээр явуулна. Сурталчилгааны 3 цагийн 30 минуттай тэнцэх хугацаанд сонгуулийн хуулийг сурталчлах, сонгогчдын эрх, үүргийг тайлбарлах зэрэг сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд зориулна” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 39.10 дахь хэсгийг “хувийн хэвшлийн радио, телевизийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн 3 цагтай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүйгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны 3 цагийн 30 минуттай тэнцэх хугацаанд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр  тэнцвэртэй явуулна” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 39.13 дахь хэсгийг  “Сонин, сэтгүүлүүд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш дугаар бүрийн хоёр нүүрнээс илүүгүй зайнд нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны  хоёр нүүрнээс илүүгүй зайны 1/4-тэй тэнцэх зайнд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр, тэнцвэртэй нийтлэнэ” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 44.2 дахь хэсгийг “Сонгуулийн санхүүжилтийн тайланг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх өдөр хүртэл 7 хоног тутам Сонгуулийн ерөнхий хороонд батлагдсан маягтын дагуу гаргаж өгнө. Сонгуулийн ерөнхий  хороо тайланг тухай бүр хянана. Тайланг хянах явцад зөрчил илэрвэл нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуулийн саналын хуудаснаас хасна” гэж өөрчлөн найруулах.

 
Төслийн 46.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

46.2.1. Саналын хуудсын тусгай нууцлал нь гурваас доошгүй байх ба түүний нэгийг саналын хуудас хэвлэх газрын удирдлага, нэгийг Сонгуулийн ерөнхий хороо, нэгийг Хүний эрхийн үндэсний хороо тус тус батлана. Тухайн нууцлалаас нэгийг нь сонгогч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтнууд таних, хянах боломжтой байна. Саналын хуудасны үнэн бодитой эсэх дээр маргаан гарвал сонгуулийн саналын хуудасны нууцлалыг нийтэд ил тод болгоно.

46.2.2. Саналын хуудас нь үлдэх хэсэгтэй байна. Үлдэх хэсэг нь сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ургийн овог, гарын үсэг, хурууны хээ, саналын хуудас хүлээн авсан, өгсөн тухай тэмдэглэл үйлдэх зайтай байна.

Төслийн 46.10 дахь хэсгийг “Саналын хуудасны загварыг Улсын Их Хурал, түүний тоо,  хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, журмыг Сонгуулийн ерөнхий хороо тус тус батална” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 46.7 дахь хэсгийг “Саналын хуудсанд нам, эвслийн нэрийн дарааллыг тухайн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэж дууссанаас хойш 2 хоногт багтаан тухайн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн дунд тэдгээрийг оролцуулан сугалаа явуулж  тогтооно” гэж өөрчлөн найруулах.

Төслийн 62.1.2 дахь заалтыг “Санал хураалтын дүнг гаргасан тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх тухай гомдол, маргаан” гэж өөрчлөн найруулах

Дөрөв. Төслийн дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалтыг хасах:

Төслийн 7.2 дахь хэсэгт  “нэг мандаттай тойрогт”  гэснийг хасах,

Төслийн 12 дугаар хэсгийг бүхэлд нь хасах,

Төслийн 24 дүгээр зүйлд заасан сонгогчийн үнэмлэхтэй холбоотой зохицуулалтыг бүхэлд нь хасах,

Төслийн 38.5. дахь хэсгийг бүхэлд нь хасах,

Төслийн 47 дахь хэсгийн “урьдчилан санал авах”-тай холбогдсон заалтыг хасах.

Санал боловсруулсан:

 

Монгол Ардын Хувьсгалт Нам

 Монгол Үндэсний Ардчилсан  Нам

Бүгд Найрамдах Нам

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

МОНГОЛЫН ЛИБЕРАЛ НАМ

“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛ-ШУДАРГА ЁС” Үндэсний хөдөлгөөний гишүүн байгууллагууд:

“АНАТХ” ТББ

“Миний Монголын газар шороо” ТББ

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ

“Тусгаар тогтнол” эвсэл

 Үндэсний “Хас” хөдөлгөөн ТББ

“Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ

“Даяар Монгол” ТББ

“Шударга ёсны хувьсгал” Үндэсний оюутны Холбоо ТББ

“Нийгмийн хүч – либерал залуучуудын холбоо” ТББ

Улс төр, стратеги судлалын хүрээлэн

 “Иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” ТББ

“Алтан ураг- Чингүүнжав туг сан” ТББ гэжээ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж