Ерөнхийлөгчөө авраарай

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөө авраарай

Монголын анхны ардчилсан Ерөнхийлөгчөөс аврал эрэх шалтгаан байна. МАНАН-гийн  УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ. Үндсэн хууль зөрчин  байж бүтэн дөрвөн жил нэг хөнжилд нялуурсан тэд одоо хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаахын төлөө нэгдэж байна. 

Сонгуулийн хуулийн төсөлд баахан арга хэмжээ авч хашраах  заалтууд тусгагджээ. Хууль зөрчсөн албан тушаалтныг сарын цалингийн доод хэмжээг 2-3 дахин, Сонгуулийн хорооны гишүүн, иргэнийг 1-2 дахин, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэнэ. Харин хачирхалтай нь “… худал мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулиар торгоно…” гэжээ. Эл заалтыг УИХ-ын Байнгын хороогоор дэмжчихлээ. Дэмжүүлэх ажлыг Жамъяанхорлоогийн Сүхбаатар оройлон удирдав. Үүнийг сэтгүүлч бүхэн эсэргүүцэж байна. Яагаад гээч. Бид худал мэдээлэл цацах дуртайдаа биш юм. Нэр дэвшигчид, бас жирийн иргэд сонгууль явагдаж байх хугацаанд хэн нэгний нуусан булхай, луйвар бүрийг олон нийтэд хүргэхийг хичээдэг. Тийм хүмүүсийг төрийн түшээ болгочих вий гэсэндээ  сэрэмжлүүлж байгаа нь тэр. Энэ бол зөв. Харин хэн нь худлаа, хэн нь үнэн ярьж байгааг илрүүлж магадалж суудаг нь хэвлэл мэдээллийнхэн биш. Бид болж буй үйл явдлыг бас хэн нэгний олон түмэнд хандаж хэлсэн үгийг хүргэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард түмнийг мэдээллээр хангахын төлөө ажиллаж байгаа. Хэрэв дээрх заалтыг хэвээр нь баталвал чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг боомилох “алтан боломж” бүрдэх болно. Яагаад гээч. Дурын нэг баагий “Энэ сонин намайг гүтгэлээ” гээд чарлаад эхэлмэгц нөгөө сонинд ихээхэн хэмжээний мөнгөн торгууль ногдуулах боломж бүрдэж байгаа юм. Яг одоо болж буй үйл явдлыг иш татъя. Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын маргааны үнэн худлыг бид тогтоох уу. Үгүй. Тэд өөрсдөө хуулийн байгууллагаар шалгуулж чадвал тэнд үнэн мөнийг тогтоох ёстой. Харин хэвлэл мэдээллийнхэн тэр хоёрын маргааныг цаг алдалгүй хүмүүст хүргэх учиртай. Тэгж байж олон нийт хэн нь хэн бэ гэдгийг өөр өөрсдийнхөөрөө дүгнэнэ. Хоёр этгээд хоёулаа УИХ-ын ээлжит сонгуулиар нэр дэвших учраас сонгогчид дүгнэлтээ хийхэд бид туслах боломж бүрдэж байна. харин Сонгуулийн хуулийн төсөлд заасан заалт батлагдвал эл хоёрын үгийг бид ард түмэнд хүргэж болохгүй гэсэн үг. Хоёулаа намайг гүтгэж байна гэж үзнэ. Тэгээд баахан сонин, телевизүүд торгууль төлөх нь л дээ. Энэ ариун явдал уу. 

Н.Энхбаяр сонгууль дөхөх тусам ганц Ц.Нямдорж ч биш, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хойдох урдахыг дэлгэх нь эрчимжих магадлалтай. Түүнийг нь бичсэн хэвлэлийнхэн ялд унах нь ээ. МАНАН үнэхээр сайн тооцоолжээ. Тэд Сонгуулийн хууль гэдэг малгайн доор өөрсдийнхөө бузар булайг хэвлэн нийтлэх эрхийг биднээс булааж авахаар зэхэж байна. Нэгэнт байнгын хороо хуулийн төслийг дэмжсэн учраас УИХ хэлэлцэх нь гарцаагүй. УИХ гэдэг чинь МАН, АН хоёрын хуйвалдааны танхим. Таван иргэний амь насаар таван сайдын суудал худалдаж авсан Ардчилсан намд итгэх арга алга. Тиймээс Монголын ард түмнээс сонгогдсон анхны ардчилсан Ерөнхийлөгч таниас аврал эрэх ганц зам үлдлээ. Ерөнхийлөгч өө, Томас Жефферсон хэлсэн байдаг гэнэ. “Чөлөөт хэвлэлгүй Засгийн газар, Засгийн газаргүй чөлөөт хэвлэл хоёрын алийг нь сонгох вэ гэвэл би Засгийн газаргүй чөлөөт хэвлэлийг сонгоно ” гэж. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөө, иргэний үг хэлэх эрх чөлөө, ард түмний мэдэх эрхийн төлөө Сонгуулийн хуульд шургалсан тэр заалтад хориг тавьж өгөөч. Хэвлэл мэдээллийн  эрхийг боогдуулах нь ард иргэдэд, ардчилсан нийгэмд ямар хор нөлөөтэй гэдгийг сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч та ойлгохгүй бол хэн ойлгох юм бэ. Ерөнхийлөгчөө чөлөөт хэвлэл мэдээллийг авраач.    

Л.Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж