Орос ДХБ-д гишүүнээр элсэх цаг ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Орос ДХБ-д гишүүнээр элсэх цаг ойрхон байна

“Их найм”-ын орнуудаас ОХУ нь ганцаараа Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-ын гишүүн биш бөгөөд тус байгууллагад элсэх асуудлаар 18 жилийн турш хэлэлцээр хийж байгаа билээ. Орос тус байгууллагад гишүүнээр элсэхэд учирч байсан сүүлчийн саад бол Гүржийн байр суурь байсан юм. ДХБ-ын гишүүн 153 орноос ганцхан Гүрж л ОХУ-ын энэ нэр хүндтэй байгууллагад элсэхийг хүлээн зөвшөөрөхгүй, улс төр болон эдийн засгийн шаардлагуудыг тавьж байв. Маргаантай хоёр улсын хооронд энэ асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Швейцарь улсын нөлөөгөөр лхагва гаригт Тбилис-Москва зөвшилцөлын гэрээнд гарын үсэг зурлаа. Орос улсыг ДХБ-д элсэх асуудалын ажлын хэсэг пүрэв гаригт төгсгөлийн шийдвэрлэх уулзалтаа хийж байна. Энэхүү уулзалтын үр дүнгээс гарсан багц баримт бичгийг ирэх сарын 15-17-нд Женевт болох ДХБ-ын гишүүн орнуудын сайд нарын дээд хэмжээний чуулган дээр өргөн барих юм. Тус арга хэмжээгээр ОХУ-ын олон жилийн ажил үр дүнд хүрэх магадлал өндөр байна.

1947 онд хийгдсэн Тариф худалдааны ерөнхий гэрээ /ГАТТ/ гэдэг бүтцийн суурин дээр ДХБ нь 1995 онд  байгуулагджээ. Тус байгууллагад гишүүнээр элсэх улс нийтдээ 56 хэлэлцээр нэгддэг байна. Эдгээр хэлэлцээрт тарифын дээд хязгаарын тухай, оюуны өмчийг хамгаалах зэрэг олон баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой аж. Үүнээс гадна ДХБ-ын бүх гишүүн орнуудтай нэг бүрчлэн худалдааны нөхцлөө харилцан тохирч хоёр талын гэрээ байгуулна. Мөн гишүүн болох гэж буй улс өөрийн оронд үйлчилж буй эдийн засаг-худалдааны харилцааг зохицуулсан хууль эрхийн актуудаа олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй болдог.  153 орныг нэгтгэх ДХБ-ын үндсэн зорилт нь дэлхийн худалдааг чөлөөлөх явдал юм. Өөрөөр хэлбэл үл ялгаварлах үндсэн дээр худалдааны нэн тааламжтай нөхцлийг харилцан олгох, импортын бараа, үйлчилгээнд ногдуулж буй татвар нь дотоодын ижил төстэй бараа үйлчилгээнийхээс илүүгүй байх, экспорт болон импортын бараанд тоо хэмжээний аливаа хориг, хязгаарлалт тавихгүй байх, худалдааны бодлогыг ил тод явуулах юм.

Э.Од    
 
    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж