В.Путины стратегийн зэвсэг

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

В.Путины стратегийн зэвсэг

Оросын эрчим хүчний аварга “Газпром” ОХУ-ыг Германтай шууд холбосон анхны хийн хоолойг нээлээ. Хөрш орнууд эсэргүүцэж, техникийн саад бэрхшээлтэй тулгарсан ч Балтийн тэнгисийн доогуур тавьсан 1226 км урт хийн хоолойн төсөл амжилттай болоход ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин онцгой үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Нөгөө талаар 12.1 тэрбум ам.доллараар бүтэж буй байгалийн хий дамжуулах хоолой Европыг  Оросын эрчим хүчнээс хараат болгоно гэдэг түгшүүр төрүүлж байгаа юм. Оросын эрчим хүчний “Газпром” Европын холбооны хийн хэрэглээний дөрөвний нэг хувийг нийлүүлдэг билээ. Оросыг Германтай шууд холбосон хийн хоолойн “Nord Stream” төсөл нь Зөвлөлт Холбоот улсын гадаад хэргийн сайд байсан Молотов, Нацист Германы гадаад хэргийн сайд байсан Риббентроп нарын  1939 оны гэрээг санагдуулж байна гэх хүмүүс ч байгаа ажээ. Хоёр тал 1939 онд үл довтлох гэрээ байгуулсан ч 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрсан билээ.

“Nord Stream” төсөл нь “Газпром”-ын зохион байгуулалттай аалзны тор шиг сүлжээний зөвхөн нэг хэсэг нь гэж ажиглагчид үзэж байгаа юм. Зөвлөлт Холбоот улс дөчөөд жилийн өмнө анх Сибирээр дамжсан хийн хоолойгоор Баруун Европт байгалийн хий нийлүүлж, коммунист хяналттай эдийн засгаа тэтгэж байжээ. Харин 20-оод жилийн өмнө Зөвлөлт Холбоот улс задран унахад Орос Төв Ази дахь байгалийн хийн баялагт хяналт тавьж чадахаа больж, зөвхөн Украйнаар дамжуулан баруун руу экспортолдог болсон юм. Гэвч байгалийн хийн үнэ дээр Украйнтай тохиролцож чадаагүйгээс сүүлийн таван жилд Европын холбоонд нийлүүлдэг хийн хангамж байнга тасалдах болсон юм. Энэ алдааг засахын тулд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа байгалийн хийг Украйнаар дамжуулахгүйгээр шууд баруун руу түгээх “Nord Stream” төслийг яаравчлуулж эхэлсэн байна. ОХУ байгалийн хийн хоолой байгуулах хоёр дахь төсөл “South Stream”-ийг төлөвлөж эхэлсэн. Хар тэнгисийн доогуур барих уг хоолойгоор өмнөд Европт байгалийн хий нийлүүлэх юм. В.Путиныг хамгийн амбицтай улс төрч гэдэг. Тэрбээр анх 2005 онд Туркт далай доогуур хийн хоолой байгуулсан. “Газпром”-ын дараагийн алхам нь Хятад руу хийн хоолой тавих юм. Түүнээс гадна капиталист  Өмнөд Солонгосын хэрэглэгчдэд Умард Солонгосын нутгаар дайруулан байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөө ч бас бий ажээ. Гэвч бие биенээ үздэггүй хоёр Солонгосын харилцаа Оросын төлөвлөгөөг бүрхэг болгож байгаа юм. “Газпром”-ын CEO Алексей Миллерт хийн салбарт түнш хайн дэлхийг тойрох шаардлага гардаггүй ажээ. Тэрбээр Москва дахь албан өрөөндөө тэднийг урьж уулздаг байна. 

“Газпром” Оросын эрчим хүчний бодлогыг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. “Газпром” Балтийн тэнгисийн орнуудын байгалийн хийн компаниудын хувьцааны гуравны нэг хувийг, Беларусь, Армени дахь хийн хоолойн сүлжээний 50 хувийг эзэмшиж байна.

ОХУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн хийн экспортын 80 орчим хувь нь Украйнаар дамжин өнгөрдөг.  Украйн байгалийн хийн салбарт Оросоос хараат улс. Гэвч Украйны эрх баригчид байгалийн хийг хэтэрхий үнэтэй худалдан авч байгаагаа анхааруулж, импортын үнээ бууруулах санал тавьсан билээ. Сүүлийн үед Украйн Европын холбооны гишүүн орон болж магадгүй гэх яриа гарах болсон билээ. Хэрэв тэгвэл энэ нь Оросын хувьд Европын зах зээл рүү өндөр үнэтэй байгалийн хий нийлүүлэх боломжийг нь хязгаарлах юм. Харин “Nord Stream”-ийг нээснээр Орос Украйы амыг таглаж байгаа ажээ. В.Путин “Nord Stream”-ийг байгуулахдаа Барууны эсэргүүцлийг намжаахын тулд төслийн даргаар Германы Канцлер асан Герхард Шройдерыг томилсон байна. Хэдийгээр ОХУ, Германы худалдааны харилцаа өргөжиж байгаа ч улс төрийн харилцаа харилцан үл итгэсэн хэвээр байгаа юм. Дэлхийн байгалийн хийн нөөцийн тавны нэг хувийг атгадаг ОХУ-ын хуучин нөөц дуусч байгаа учраас алслагдмал хүйтэн Хойд туйлд байгалийн хийн хайгуул шинжилгээ хийж эхэлсэн юм. Нөгөө талаар Оросууд хөрш Азербайжанаас байгалийн хий худалдаж авах  гэж хичээж байгаа нь “Газпром” хийн хоолойн хоёр дахь төсөл “South Stream”-ийг хэрэгжүүлж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Эрчим хүчний үнийн өсч, сэргээгдэх эрчим хүч гаргаж авах сонирхол олон улсад хүчтэй болж байгаа нь “Газпром”-д томоохон сорилт болж байгаа ажээ. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев ирэх жилийн сонгуулиар албан тушаалаа В.Путинд шилжүүлнэ гэж мэдэгдэхээс өмнө Оросыг газрын тос, байгалийн хийд донтсон бодлогоор биш, сайн эдийн засагт суурилсан бодлогоор удирдана гэж мэдэгдэж байсан билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж