”Мөнгөгүй” сонгууль хийхийг чинь харна аа

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

”Мөнгөгүй” сонгууль хийхийг чинь харна аа

Муу амлаж байгаа ч юм биш. Иймэрхүү л юм болох вий, харж л байгаарай. Сонгуулийн хуу­лийг парламентаар ид хэ­­лэлцэж байна. Мандатын тоо энэ тэр дээрээ эрх баригч хоёр намынхан бараг л то­хир­чих­лоо. Одоо цаашаа явна. Эцсийн зогсоол хүртэл бас ч  овоо зай байна. Гэтэл за­рим гишүүн нэгэнт замд гар­сан галт тэрэгний цонхоор “Ирэх жил болох сонгуулийг “мөн­гөгүй” хийхээр боллоо, еэ ашгүй минь” хэмээн баяр­ла­сандаа чангаар хашгирав. До­лоодугаар сарын 1-ний хэрэг явдлыг санасан ч, сонголтын сонгодог зарчмыг бодсон ч алгаа хорстол та­шууштай таа­тай мэдээлэл. Ха­рин нэр дэв­шигч сон­гуулийн кампанит аж­лынхаа үеэр баруун, сол­гойгүй мөн­гө цацах нь бай­ту­гай “хялайл­гахгүй” гэж бо­дохоор жаахан тиймхэн са­наг­дана. Уг нь дөр­вөн жилд ганц тохиодог “мөнгөний” бо­роо он гарав уу үгүй юу шаа­гиж эхэлнэ гэж бодсон хүн олон байв. Хот хөдөө гэлтгүй хаа сайгүй одоо ч арзганаж буй. Жижгэвтэр хэвлэх цех ажил­луулдаг хүнээс авахуу­лаад баг, хорооны хэсгийн ажилт­­нууд хүртэл хөх инээд нь хүрээд гараа үрж байв шүү. Тэр тусмаа улсын сан хөмрөг өнөө жил овойж оцойсон их мөнгөтэй болсон гэдгийг хү­мүүст чанга дуугаар зар­лас­ныхаа маргааш эд нарыг ийм гашуун мэдээ дуулгана гэж энэ хоёр сая гаруй хүний нэг нь ч төсөөлөөгүй биз. Ин­гээд даший шог болдог байх гэж. Одоо яана даа, 21 мян­гын үнэтэй энэ ядарсан ард түмэн. Уг нь их маадгар суу­сан юм. Ядаж л өмнөх сон­гуу­лиудаас харж байхад ухуу­лах хуудас тараагаад гүйгээд байхад наад захын оюутан л товхийсэн мөнгөтэй “буудаг” байлаа. Тойрогт нь нэр дэвшсэн бүхэн гэрийн хаал­га үүд шөнө, өдөргүй он­гол­зуулж, арав, хорин мян­га­тын дэвсгэрт сарвайгаад  бө­­хөлздөг тэр үе ингээд түүх болох нь. Сонгогчид ин­гээд үнсэнд хаясан шалзын дүрд хувирах юм гэж хэн са­нах билээ. Даанч энэ пар­ла­ментыхан Сонгуулийн хуу­лийг  батлахгүй цааргалсаар өдий хүргэсэн юм, ингэх гээд л байж. Өдийд цаадуул чинь “Санал авах байранд ирж хэн дуртайгаа сон­го­вол тэр л биз. Больвол бо­лиг. Урлагийнханд их мөнгө зар­лагадаж тоглолт хийдэг байс­ныг өмнөх сонгуулиар халж нуруу тэнийхтэй бол­го­­сон. Одоо ард түмэн гэж ядар­гаатай юмнуудад мөнгө зар­даг байсныг хэмнэх сайхан хууль батална даа” гэж сэрүүн зүүдэлж байна. Тэгвэл ард түмэн ч бас чаддаг юмаараа боож чадах л байх. Наад зах нь санал хураах өдөр ирцээрээ айлгахад яах юм. Очихгүй байх нь хүний эрх. Хоёр сая хүн хэдийдээ ингэж сэмхэн уул­заад тохирчихов гэмээр са­нагдах вий, тэр үед. Ер нь л “Мөнгө зарлагадахгүй сон­гуульдахыг чинь харна аа” гээд юу ч аваагүйдээ шарал­хаад гэдийчихэж чадах л байх. 

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж