Есөн гишүүний тэмцэл УИХ руу чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Есөн гишүүний тэмцэл УИХ руу чиглэлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг хэлэлцэх эсэх тухай байв. Өмнө нь энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар оруулах үед байр суурин дээрээ хатуу зогсож, ширүүхэн дайрч байсан байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар энэ удаад “УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлж, дараагийн Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох тухай хуульд заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг албан ёсоор санал тавибал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж болох хуультай. Гэсэн ч байнгын хороо хэлэлцэх эсэх тухай шийдвэрийг гишүүд хамтаараа гаргах ёстой” гэж даруухан дуугарч байна билээ. Нэр бүхий есөн гишүүний хувьд “Өргөн барьсан шаардлагыг хуулийн дагуу долоо хоногт багтаан хэлэлцэх байсан. Бүр  хоёр долоо хоносон байна” гээд энэ сарын 3-нд асуудлыг хэлэлцүүлэхийг дахин шаардаж, УИХ-ын даргад хандсан билээ. Тэдний хүсэлтийн дагуу УИХ-ын даргын зөвлөл байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтад уг асуудлыг оруулсан нь энэ юм. Гэсэн ч тэдний оролдлого талаар болчихов. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар төдийгүй тус байнгын хороонд харъяалагддаг гишүүд “Хэлэлцэх шаардлагагүй” гэдэг дээр санал нэгдсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Н.Батбаяр, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, З.Энхболд нар “Хэлэлцэх ёстой” гэж хэчнээн зүтгээд ч нэмэр болоогүй. Д.Ганхуяг гишүүн “Байнгын хороо хууль тайлбарлах ёсгүй. Үндсэн хуулийн цэц хууль тайлбарладаг. Тиймээс хэлэлцэх ёстой. Уг асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байгаа юм биш үү. Хэлэлцэхгүй байгаа нь өөрөө байнгын хорооны дэгийг зөрчиж байгаа явдал” гэв. Ц.Батбаяр гишүүний хувьд байнгын хорооны хуралдаанд чамгүй бэлтгэлтэй иржээ. Тэрбээр хэд, хэдэн мэргэжлийн хуульчтай уулзаж “Ерөнхий сайдыг ганцааранг нь огцруулж болох уу” гэдэг сэдвээр ярилцжээ. Тэрбээр “Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл шийддэг. Одоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна. Гэтэл хэлэлцэх үү, үгүй юү гэдэг дээр санал хураах гээд байгаа нь ямар учиртай юм. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрыг огцруулах шаардлага өгсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцээр оруулж шийдэх ёстой. Харин Ерөнхий сайдыг УИХ-ын тухай хуулийн дагуу огцруулж болно. Тус, тусдаа өөр асуудал. Ерөнхий сайдыг огцруулахын тулд Засгийн газрыг унагадаг тийм хуулийн заалт, зарчим байхгүй гэж байна. Х.Тэмүүжин гишүүний ярьсан үндэслэлийн дагуу асуусан” гэлээ. Хариуд нь Х.Тэмүүжин гишүүн “Хэрүүл өдөх гэж байгаа бол хариуг нь барина шүү” гэж чанга дуугарсан. Н.Батбаяр гишүүн ч мөчөөгөө өгөлгүй “Чам шиг юм юу яриад байгаа юм, дурак аа. Ийм юмтай юу ч ярих вэ. Хуулийн дагуу ярина шүү, новш оо” гэсэн юм. Гишүүд ийнхүү тайлбарласан ч 12 гишүүний 10 нь “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяраас “Цаашид ямар арга хэмжээ авах вэ” гэж асуухад “Хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, шийдвэр гаргах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Өнөөдөр /өчигдөр/ асуудлыг шууд хэлэлцээд явах ёстой байсан. Гэтэл “Асуудлыг хэлэлцэе” гэсэн томъёоллоор санал хураалаа. Энэ нь ч бас хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс бид тохирсон хариуг нь барина. Монгол Улсын их хурал өөрөө хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтийг хянадаг байгууллага. Тэр байгууллага нь хууль зөрчөөд байхаар яах вэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тиймээс УИХ-ын алдааг залруулахыг хичээж ажиллана. Харин ямар, ямар гаргалгаа гаргаж ирэхийг харж байна биз” гэв. Түүний хэлснээс үзвэл Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаар өрнөсөн есөн гишүүний тэмцэл УИХ-ын алдаа, дутагдлыг засах тэмцлээр үргэлжлэх нь тодорхой боллоо.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж