Евро бүсийн хямрал намжихгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Евро бүсийн хямрал намжихгүй

Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони огцрохоор боллоо. Тэр­бээр их өр, төсвийн алдагдалтай Италийн улс төрийг үүрд орхихоор болсноо мэдэгдсэн юм. Эдийн засгийн тогтворгүй байдлаас бо­лоод түүнийг сөрөг  хүчнийхэн нь огцрохыг шаардсан бөгөөд ит­гэл үзүүлэх санал хураалтын дүн С.Берлусконид төдийлөн таатай биш байдлаар гарсан билээ. Эцэст нь тэр­бээр ийн огцрох нь. Үүнтэй зэрэгцээд италичууд шинэ Засгийн газраа товхинуулах ажилтай хоцров. Гэхдээ ингэлээ гээд Италийн 1.9 их наяд евро буюу 2.6 их наяд ам.долларын өр арилахгүй. Хэдийгээр эдийн засаг нь харьцангуй эрүүл, төсвийн алдагдал бага боловч тус улсын өр Грек, Испани, Португали, Ирландаас хол давж байгаа юм. С.Берлускони “Эдийн засгийн шинэчлэлтэй хол­боотой бодлогоо парламентаар зөв­­шөөрүүлсний дараа огцорно” хэ­мээн мэдэгдсэний дараа еврогийн ам.доллартай харьцах ханш огцом чангарчээ.

Евро бүсэд эдийн засгийн хэм­жээгээрээ гуравдугаарт ордог Ита­лийн Засгийн газраас 10 жилийн хугацаатай гаргасан бондын хүү сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, долоон хувь болсон юм. Ийнхүү Грек, Ирланд, Португалийн араас Итали хүнд байдалд оров. Евро бүсийн Сангийн сайд нарын тэргүүн Жин Клауд Жанкер “Европын төв банк Италийн эдийн засагт бүрэн шинэчлэл хийх шаардлагатай бол­лоо” хэмээн мэдэгдсэн. Энэхүү шинэчлэл гэдэгт төрийн мэдлийн нэгжүүдийг хувьчлах, Хөдөлмөрийн хуулиа зөөлрүүлэх зэрэг багтаж бай­гаа. Харин С.Берлусконийн хувьд Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгвөл хуулиар олгогдсон халдашгүй дархан байдлаа алдаж, шүүхийн өмнө хэрэгтнээр зогсох юм. Гэхдээ үүнээс болж Италид 45-75 хоногийн дотор дахин сонгууль явуулах шаардлагатай болж, улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй болох юм.
Италиас гадна Францын зээл­жилтийн зэргийг ААА-аас бууруулж магадгүй хэмээн олон улсын агент­лагууд мэдээлэх болсон. Үүнтэй зэрэгцээд тус улс төсвийн зардлаа танах арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь эдийн засагт нь хямралын дохио айсуйг илтгэж байна. Харин Евро бүсийг сандаргаж, талцуулаад байгаа Грекийн хувьд улс төрийн нөхцөл байдал нь харьцангуй тогтворжиж байна. Тус улсын Ерөнхий сайд Жорж Папэндроу итгэл үзүүлэх са­нал хураалтын дүнгээр албаа үр­гэлжлүүлэн хашихаар болсон. Гэх­дээ “Грек улс дахин зээл авах эсэхийг ард түмэн шийднэ” хэмээн бүх нийтийн санал асуулга явуулахаар болсны балгаар хөрөнгө оруулагчид сандарч эхэлсэн юм. Энэхүү ард нийтийн санал асуулга ирэх сарын 4,5-нд болно. Хэрэв грекчүүд зээл авахаас татгалзвал Засгийн газар нь өрөө төлж чадахгүйд хүрч, Евро бүсийн хямрал улам даамжрах юм. Тиймээс үүнд Европын холбооны удирдагчид дургүйцсэн билээ. Ха­рин Грекийн Ерөнхий сайд тэдний шаардлагыг хүлээн авч, сөрөг хүч­нийхэнтэйгээ нэгдэн эвслийн Засгийн газар байгуулахаар болсон нь ард нийтийн санал асуулгын дүн нааштай гарахад нөлөөлнө хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Жорж Папендроу огцрох бололтой. Гэхдээ одоо бүгд Грекийн асуудлыг түр хойш нь тавьж, Италийн өрийн тухай хэлэлцэх болов.

Японы Засгийн газар Европын санхүүгийн тогтвортой байдлын сан­гийн бондын 20 орчим хувийг худалдан авчихаад байна. Нөөц валютынхаа ихэнхийг нь ам.доллар болгосон япончуудын хувьд еврогоор нэрлэсэн бонд худалдан авахын тулд нэлээд хөрөнгө гаргажээ. Японы Гадаад хэргийн сайд “Евро бүсийн тогтвортой байдлыг хангахын тулд манай улс цаашид ч дэмжлэг үзүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Харин хаа байсан Европт туслах гэж байгаад нь дургүйцсэн иргэдийнхээ эсэргүүцлийг үл ойшоон Европын санхүүгийн тогтвортой байдлын санд хөрөнгө оруулахаа мэдэгдээд байсан Хятадын Засгийн газрын төлөөлөгчид одоогоор энэ талаар шийдвэрлэх алхам хийгээгүй хэвээр байгаа юм. Евро бүсийн жижиг орнуудад зээл олгох санхүүгийн эх үүсвэрийг хангадаг Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэг их наяд еврогоор нэмсэн. Гэвч зээл авах орнуудын тоо цаашид ч нэмэгдэх бололтой. Тус сангаас Италийн есөн тэрбум еврогийн бондыг худалдаж авахаар болоод байна. Үүнтэй зэрэгцээд Евро бүсийг “нуруундаа үүрч яваа” Германтай холбоотой нэгэн мэдээлэл гарсан юм. Тус улсын төв банк “Bundesbank”-ны алтны нөөцийг бүгдийг нь худалдан авчээ. Германы Засгийн газар энэхүү мэдээллийг нотлохоос татгалзсан. Гэхдээ алт их хэмжээгээр худалдан авна гэдэг цаасан валютад итгэх итгэл нь суларч, хямрал болохын дохио болдог гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс германчууд өөрсдөө ч ямар нэгэн зүйлд бэлтгээд байна уу гэх хардлагыг төрүүлжээ.

“Форбес” сэтгүүлд бичсэнээр бол Европын орнуудын Засгийн газрын бондыг худалдаж авах түнш байгаа цагт асуудал бүр ч найдваргүй болчихгүй аж. Гэхдээ Европын төв банкны бондын үзүүлэлтүүд сул байгаа нь хөрөнгө оруулагчид үүнээс татгалзах нэг шалтгаан болсон. Өнгөрсөн долоо хоногт Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Каннд болсон. Энэ үеэр Төрийн тэргүүн нар нь Олон улсын валютын сан дахь хөрөнгө оруулалтаа нэмэхээр болсон юм. Харин Олон улсын валютын сан бол Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн гол хөрөнгө оруулагч. Тэгэхээр евро бондын хямралыг намжаах гэсэн оролдлого тодорхой түвшинд хэрэгжиж эхэлсэн гэж ойл­гож болох юм. Ямартай ч Ерөнхий сайд нар огцрохоор болсон ч түүнийг дагаад улс төрийн тогтворгүй байдал даамжирч, Евро бүс хямралаас мөд гарахааргүй болчихлоо.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж