Гариг хоорондын станцын программд саатал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Гариг хоорондын станцын программд саатал гарчээ

ОХУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд Байконур дахь сансрын нисэх буудлаас өнөө өглөө "Фобос-Грунт" хэмээх гариг хоорондын автомат станцыг ачсан "Зенит-2 SБ" пуужин зөөгчийг амжилттай хөөргөсөн талаар бид мэдээлсэн билээ. Станцыг Ангарагийн зүг хөдлөхөд тохиромжтой байрлалд оруулахаар чармайж байсан эрдэмтэд саяхан таагүй мэдээ дуулгалаа. "Фобос-Грунт" станцын програмчлалд алдаа гарсны улмаас Марс руу аялахад тохиромжтой орбитод орж чадсангүй гэх мэдээллийг “Роскосмос”-ын тэргүүн Н.Поповкин сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Станцийн хөдөлгүүр асаагүй аж. Гэхдээ инженерүүд программыг дахин ачаалахаар ажиллаж байгаа юм байна. Тэдэнд  гурав хонгийн хугацаа байна. Хэдийгээр төлөвлөсөн хугацаандаа Ангарагийг зорих аяллаа эхлүүлэхгүй болсон ч станц ажиллаж байгаа учир найдлага байгаа гэнэ.  Станцийг 1,2 тэрбум рубелиэр даатгуулсан гэнэ.

"Фобос-Грунт" нь Ангараг гаригийн аль нэг дагуул дээр бууж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх ёстой юм. ОХУ сүүлийн 15 жилийн турш нэг ч гариг хоорондын станцыг хөөргөөгүй байсан юм. Станц "Фрегат" хэмээх хдөлгүүрийн тусламжтайгаар өөрөө хөдөлж эхлэх бөгөөд Москвагийн цагаар маргаашийн 05.20 (Монголын цагаар 09.20) цагт Ангарагийн тойрог замд орохоор төлөвлөж байсан юм. Төлөвлөгөө ёсоор болбол "Фобос-Грунт" 2012 оны есдүгээр сард Ангараг дээр газардаж, тэнд БНХАУ-ын “Инхо-1” бичил дагуулыг буулгаж орхиод хөөрч Ангарагийн дагуул Фобос дээр газардах ёстой байлаа. ОХУ хамгийн сүүлд 1996 онд "Марс-96" хэмээх гариг хоорондын станцыг Ангараг руу илгээх оролдлого хийсэн нь бүтэлгүй болж зонд дэлхийн тойрог замд орж чадалгүй далайд унаж байжээ. 

Х.Сайхан

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж